sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Сирийн хойд нутгийн Меядин хотод байрлаж буй “Лалын улс” бүлэглэлийн босогчдын дунд хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ халдвар авсан дор хаяж 16 тохиолдол илэрчээ. Энэ тухай Сирийн хараат бус “ARA News” агентлаг мэдээлсэн байна.
 
Тус агентлагийн мэдээлснээр, дийлэнх нь гадаадын хөлсний цэргүүд болох ХДХВ-ийн халдвар авсан босогчдыг хотын эмнэлэгт тусгаарлажээ.
 
“Лалын улс”-ын толгойлогчид ХДХВ-ийн халдвар авсан босогчдод амиа золиослогч болохыг албадан тулгаж байгаа тухай Их Британийн “Daily Mail” сонинд Сирийн терроризмтой тэмцэх идэвхтнүүдийн бүлгүүдийн төлөөлөгчдийн мэдээллийг иш татан бичсэн байна.
 
ХДХВ-гийн халдвар авсан босогчид “Лалын улс”-ын эгнээнд цөөнгүй байдаг бөгөөд тэдний олонх нь мансууруулах бодисоос хамааралтай эсвэл урьд нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг