sonin.mn
Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын чиглэлийн 16.3 км замыг өнгөрсөн зургадугаар сараас засч эхэлсэн. Одоогоор ажлын явц хэдэн хувьтай байгааг нийслэлийн Автозамын газрын хяналтын ажилтан С.Түмэндэмбэрэлээс тодрууллаа.
 
-Зам засварын ажил хэдэн хувьтай явж байна. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах уу?
 
-Зам засварын ажил 60 орчим хувьтай явж байна. Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх таван км автозамыг, Шаргаморьт чиглэлийн эхний таван км замыг “Эрдэнэ зам” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа. Эхний 2.5 км замын өнгө хучилт, тэмдэг тэмдэглээг хийсэн. Суурь хучилт хийгээд явж байна. 
 
Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км авто замын гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК ажилладаг. Одоогоор далангийн ажлыг хийж, хашлага тавьсан. Харин Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК ажиллаж байна. 
 
Замын суурь хучилтыг тавьж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан бага зэргийн өөрчлөлт орж байгаа ч төлөвлөсөн хугацаандаа буюу ирэх аравдугаар сарын 30-нд бүрэн дуусгана.
 
-Замыг хаасан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?
 
-Зам хаагаагүй. Автомашинууд хэвийн зорчиж байгаа.
 
С.Хорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин