sonin.mn
"Шүүх байгуулах тухай хууль” өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулийг баталснаар шүүхүүдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, Сум дундын 29 шүүхийг 50 болгон, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дангаар нь байгуулжээ.
 
Ийнхүү шинэ хууль гарснаар сум, дундын шүүхийн шүүгч иргэний маргаан, эрүүгийн хэргийг аль альныг шийддэг байсныг өөрчилжээ. Тодруулбал сум дундын иргэний хэргийн шүүх, сум дундын эрүүгийн хэргийн шүүх гэсэн бүтэц, зохион байгуулалттай болсон байна. Ингэснээр анхан, давах, хяналтын шатны аль ч шүүхийн шүүгч тухайн хэрэг, маргааны төрлөөр дагнан шийдвэрлэх бүрэн боломжтой болсныг Шүүгчийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул тодотголоо.
 
Хэдийгээр бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон ч өмнөх "Шүүх байгуулах тухай хууль”-ийн дагуу батлагдсан орон тоонд өөрчлөлт ороогүй юм байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн сарын 1-нээс анхан шатны шүүхийн нийт 40 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд түгээжээ. Нэр дэвшигчийг бүртгэх ажиллагааг наймдугаар сарын 17-19-нийг хүртэлх хугацаанд цахимаар явуулж, шалгалтыг 9 дүгээр сард авах юм байна.
 
Одоогоор сонгон шалгаруулалтад 300 орчим хүний өргөдөл, баримт бичгийг хүлээн авснаас 250 нь нэр дэвших боломжтой болжээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг