sonin.mn
“Чайна Дэйли” сайтын 8 дугаар сарын 25-ны өдөр  “Хятад улс  цэргийн парад хийх шалтгаан бий” “China has every reason  celebrate victory”  гэсэн нийтлэл  гарчээ.
 Энэхүү нийтлэлд   Дэлхийн Хоёрдугаар дайны  ялалтад Хятад улсын оролцоог өгүүлэхийн зэрэгцээ  цэргийн парад нь энхтайвныг сахин хамгаалах их гүрний үзэл санааг илэрхийлж байгаа  хэмээн бичжээ.
 
 Уг нийтлэлд“Хятад улс дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтад чухал хувь нэмэр оруулсан. Үүнийг  олон улсад  бүрэн хүлээн зөвшөөрдөггүй, Хятадын дотоодод ч  дутуу ойлголттой байсаар байдаг. Олон нийтэд түүхийн үнэнийг таниулан ойлгуулахад  энэ удаагийн цэргийн ёслолын ажиллагаа чухал ач холбогдолтой. Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны Дорнын голомт болох Хятадад Японы эсрэг  дайн 14 жил үргэлжилсэн. Харин Англи улсад  6 жил, ЗХУ-д 4 жил 2 сар, АНУ-д 3 жил 9 сарын хугацаанд дайн болсон байдаг. Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс, 1.7 тэрбум хүн оролцсоноос Хятад улсаас хамгийн их буюу 450 сая хүн оролцжээ. Уг дайнд Америк 1 сая гаруй, Англи 1.2 сая гаруй, ЗХУ 27 сая гаруй хүнээ алдсан бол Хятад улс  хамгийн их  хохирол амсч  35 сая гаруй хүнээ алдсан. Дэлхийн дайн 22 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамарч байснаас 6 сая хавтгай дөрвөлжин км талбай нь Хятад улсын нутаг дэвсгэр байсан.
 
Японы хуурай замын цэргийн гол хүч Хятадын нутагт  орж ирснээр тэдний “хойд зүгт довтлох” төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болж, ЗХУ нь хоёр фронтод зэрэг байлдах эрсдлээс зайлсхийж, Японы эсрэг хийсэн Хятадын дайн дэлхий фашизмын эсрэг дайны үр дүнд шууд нөлөөлсөн юм. Хятадын цэрэг мөн Мьянмарт очин тулалдаж, Японы урагш давших давшилтад саад хийж, холбоотны хүчин Японтой байлдахад хамтран ажилласан. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ф.Рузвельт, хэрвээ Хятад Японы эсрэг байлдаагүй бол, хэрвээ Хятад ялагдсан бол Японы хэдэн фронт бусад чиглэлүүдэд дайн явуулж, тэд магадгүй Австрали, Энэтхэг, цаашлаад Ойрхи Дорнодыг эзлэх байв гэсэн байдаг.
 
Иймд Хятад нь дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол субьект байх ёстой, эрхтэй юм. Энэ удаагийн цэргийн парад нь  улсын баяраас  өөр цаг үед  анх удаа болж байгаа бөгөөд Хятад нь хохирогч бус, их гүрэн болж буйгаа илэрхийлж буй хэрэг юм. Хятад улс Японы Ерөнхий сайд Ш.Абэг урьсан явдал нь Хятад, Японы маргааныг ардаа орхиж, ирээдүйг харсан явдал болсон юм. Энэ үүднээс нь үзвэл парад нь нэгдүгээрт, түүхийг дурсах, хоёрдугаарт, одоогийн байдлыг зөв үнэлж, ирээдүй рүү чиглэх, гуравдугаарт, зөв бурууг үнэлж цэгнэх  зорилготой  хэмээн энэхүү нийтлэлд  бичсэн байна.
 
 Одоогоор Тяньаньмэний талбайд болох Дэлхийн 2 дугаар дайны  ялалтын 70 жилийн ойд зориулсан арга хэмжээнд гадаадын 49 орны төлөөлөгч оролцох бөгөөд  30 нь төр, засгийн тэргүүн байх юм байна.  Мөн энэхүү цэргийн  парадад  анх удаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 51 эмэгтэй хүндэт харуул оролцоно.  Энэхүү парадад 40 гаруй төрлийн 500 гаруй зэвсэг тоноглол, 20 гаруй загварын 200 нисэх онгоц оролцох ба  84 хувь нь  олон нийтэд анх удаа харуулах шинэ төрлийн зэвсэг ажээ. Парадад  Хятадын 12 мянган цэрэг, гадаадын 10 орны 1000 гаруй  цэрэг эрс оролцох юм.
 
Д.Энхчимэг
 
Эх сурвалж: "Монцамэ"