sonin.mn
Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ээс галт тэргэнд мэндэлсэн бяцхан хүү Б.Ган-Эрдэмд 18 нас хүртэл нь галт тэргээр үнэгүй зорчих эрхийн бичгийг  гардууллаа.
Есдүгээр сарын 1-ний 17:49 цагт “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд Дорноговь аймгийн Даланжаргалант сумын иргэн Батцэцэг төрж, хүү мэндэлжээ. Энэ нь түүний тав дахь төрөлт бөгөөд тухайн үед   галт тэргэнд эх баригч хоёр эмч зорчиж явсан тул эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн байна. Галт тэрэгний дарга Д.Болдбаатар, үйлчлэгч О.Очирсүрэн, С.Алтанзул нар жирэмсэн эхийг зорчигчдоос тусгаарлан, төрөхийн өмнөх бэлтгэлийг шуурхай хангаж төрүүлжээ.  
 
“УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар ярихдаа, "Галт тэргэнд мэндэлсэн хүүхдэд 18 нас хүртэл үнэгүй зорчих эрхийн бичиг өгдөг журмыг өмнө нь мөрдөж байсныг сэргээлээ. Энэхүү эрхийн бичгээр Б.Ган-Эрдэм хүү зөвхөн орон нутгаас  гадна олон улсын чиглэлд зорчино. Гал тэргэнд хүүхэд төрүүлсэн нь төмөр зам байгуулагдсанаас хойш 66 жилийн түүхэн дэх 70 дахь тохиолдол юм” гэлээ. 
 
Б.Заяа
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг