sonin.mn

Эдийн засгийн хөгжлөөрөө Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх эгнээнд яваа БНСУ ДНБ-ээрээ дэлхийд ч, Азидаа ч дээгүүр эрэмбэлэгдэж байна. 1950-иад он буюу өдгөөгөөс 60 гаруй жилийн өмнө Азийн хамгийн ядуу орны нэг байсан тус улс сүүлийн 40 гаруй жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирчээ.

Эдийн засгийн энэ өсөлтөө солонгосчууд "Хан мөрний эрэг дэх ид шид" хэмээн нэрлэдэг байна.

Азийн нэгэн бар гэгддэг БНСУ өнөөдөр экспортод чиглэсэн эдийн засагтай, аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологүүд нь өндөр хөгжсөн, хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдэрлэлээрээ эхний тавд багтдаг болжээ.
Хагас зууны дотор эдийн засаг нь цэцэглэн хөгжсөн энэ орны  соёл урлаг, түүх болон аж үйлдвэрийнх нь  гол цөмүүдийн нэг болсон автомашины болон төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж бидний хэдэн сэтгүүлчдэд БНСУ-ын Гадаад хэргийн яам, БНСУ-ын ЭСЯ олгосноор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй манай аяллын баг өнгөрсөн сарын дундуур тус улсад аялаад ирлээ.

13 настай хааны ордон

Манай багийнхны аяллын танилцсан эхний газар нь Сөүл дэх “Chang-khong” хааны ордон байв. Сөүл хотод  байдаг Чусоны үед барьсан таван хааны ордны нэг болох “Chang-khong” хааны ордон бөгөөд тус ордныг онцгой нөхцөлд ашиглахаар 1400-аад оны үед барьжээ. Наран мандах зүгийг бэлгэшээж зүүн зүг харуулан барьсан энэ ордныг Япончуудын эзлэн түрэмгийллийн үед ихээхэн эвдэн сүйтгэсэн байна. Харин энэ ордныг сэргээн засах ажил одоогоор 80 орчим хувьтай байгаа аж. Энэ ордон нь Чусон улсын Сонжун хааны ордон бөгөөд тэр 13 настай байхдаа хаан ширээнд заларч, түүний ард  улс төр, эдийн засгийн гол бодлогыг эмээ нь барьж байсан хэмээн тайлбарлагч ярив. Хааны эдэлж хэрэглэж байсан ховор нандин эд зүйлээс энэ ордонд үзмэр болон тавиагүй ч орчин тойрон нь тохилог бас үзэсгэлэнтэй тул бусдын анхаарлыг татахуйц ажээ.

Тайлбарлагчийн нэг онцолж хэлсэн зүйл нь энэ ордонд кино зураг авалт хийдэггүй, харин кино зургийг хааны ордныг дуурайлгаж хийсэн хиймэл ордонд авдаг гэлээ.

"Nanta" буюу түмпэн шанага, хутга савхаар хөгжим тоглох нь

Аяллын эхний өдрөө бид Nanta  хэмээх шоу тоглолт үзлээ. Энэ нь түмпэн шанага, хутга савх гээд гал тогооны бүхий л хэрэгслийг ашиглан хөгжим тоглох урлаг аж.  Тогооч, туслах ажилтан гэх хөгжилтэй 4 залуугийн хуримын хүлээн авалтын хоол хэрхэн бэлтгэж буй тухай өгүүлэх  хөгжилтэй хошин тоглолт үзсэн хүн харамсамгүй хөгжилтэй, хошин тоглолт байх юм.1997 онд  БСНУ-д нээлтээ  хийсэн энэ шоу 1999 онд анх Эдинбургийн их баяр наадмын үеэр олон улсад анхны тоглолтоо хийж байв.  Одоо "Nanta"-г Сөүлийн гурван театр, Жэжү арлын нэг театрт  тоглож байна. Ногоо хэрчих, гурил зуурах гээд хоол хийх чимээг хөгжмийн хэмнэлд оруулан үүнийгээ хошин хэлбэрээр үзүүлэх энэ үзүүлбэр үг хэллэг маш цөөн, зөвхөн үйлдэл хөдөлгөөн хөгжмийн хэмнэлээр үзэгчдийг  байлдан дагуулж байлаа.

Тэд тоглолтдоо үзэгчдийг татан оруулж, бас дээр нь бяцхан илбэ ч үзүүлээд авах юм.  Ийм ойлгомжтой учир нас, хэл ус үл хамааран хөгжмийн хэмнэлд автан, бас их хөгжилтэй хошин учир тоглотын турш үзэгчид тасралтгүй инээн, алга ташиж байв. Сөүлийн нэгэн бяцхан театр руу энэ тоглолтыг үзэхээр орж явахдаа солонгосын урлагийг тийм амархан ойлгох бол уу даа гэсэн бодол маань тоглолтын дараа ор мөргүй алга болж, харин ч бид хөгжилдөн баяссаар гарч ирсэн төдийгүй тоглолтын ганц нэг үг хэллэгийг дууриан аяллын турш бие биенээ хөгжөөн явсан билээ.

Ёнхап агентлаг 83 агентлагтай хамтын ажиллагаатай

Зүүн хойд Азийн сан нь зүүн хойд Азийг хамарсан судалгааны байгууллага бөгөөд үүнийхээ хажуугаар бодлогын чанартай үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бид энэ байгууллагаар зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус байгууллагынхан,  манай байгууллага Японы дарангуйлалд өртөх үеэр үүссэн түүхийн гажуудал, маргаантай асуудалд анхаарлаа төвлөрүүлэн судалдагийн дээр  маргаантай асуудлуудыг цэгцэлж, цаашдаа энх тайвнаар орших, зүүн хойд азид ямар бодлого барих вэ гэдгийг гаргаж тавих зорилготой хэмээн тайрбарлав.

Тус сан Монгол Улстай нягт харилцаа холбоотой ажиллаж, нэгдсэн семинар уулзалт жил бүр зохион байгуулдаг байна. Одоо хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагийн нэг нь Монголын түүхийг солонгос хэл рүү орчуулж хэвлүүлэх ажил гэнэ.

Тус сангаар орсоныхоо дараа  Мэдээллийн Ёнхап /Yonhap/ агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа. Ёнхап /Yonhap/ агентлаг 1980 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд 2005 онд япон, 2006 араб, 2007онд испани, 2009 онд франц хэлээр мэдээллээ цацдаг болжээ.

Ёнхап  агентлаг 1200 гаруй ажилтантайгаас  580 гаруй сурвалжлагчтай, орон нутагт 140 гаруй, хилийн чанадад 28 улсын 38 хотод 60 сурвалжлагч ажилладаг.

Гадаадын 83 агентлагтай харилцаа хамтын ажиллагаатайн дотор Монгол Улсын Мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгааг агентлагийн үйл ажиллагааг танилцуулж буй  бүсгүй онцолсон юм.

Эртний тосгон аялал жуулчлалын брэнд болжээ

Бидний аяллын хөтөлбөрийн нэг хэсэг нь Кёнжу хотын соёлтой танилцах аялал байв. Солонгост хуучин цагийн байдлаар нь хадгалж үлдсэн тосгон цөөнгүй байдгийн нэг нь Кёнжу дахь нутгийн уламжлалт хулс, дэрсэн дээвэртэй сууцанд өдгөө ч нутгийн иргэд амьдарч байгаа нэгэн тосгон юм. Хуучны уламжлалт хэв маягийг хадгалж үлдсэн энэ тосгон нь гадаадын жуулчдыг олноор татахаас гадна дотоодын иргэд ч ихэд сонирхон зорьж ирдэг байна Тус тосгонд солонгосын уламжлалт байшин болох «ханок» (hanok) 1000 гаруй байдаг гэнэ. Ханокийг барихдаа модон хадаас ашигладаг бөгөөд өндөр дээд язгууртнуудын, эхнэр хүүхдүүдийн,  гадны зочдын, зарц шивэгчдийн байрладаг ханок нь чулуун сууриныхаа давхраар ялгардаг ажээ. Эртний түүхэн сэдэвт кинонд гардаг солонгос тосгон дундуур бид аялан, хулсан болон сүрлэн дээвэртэй эртний сууцуудыг нь нүдээр үзэж явахад байнгын дайн байлдааны хөлд өртөж байсан энэ улс 400-500 жилийн түүхтэй энэ тосгоныг хамгаалан үлдээж, аялал жуулчлалын нэгэн брэнд болгож чадсаныг бахархаж байв.

                   “POSCO” бүтээгдэхүүнийхээ 50 хувийг экспортолдог

Дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниудын тэргүүн эгнээнд багтдаг БНСУ-ын “POSCO” гангийн үйлдвэрээр зочлов. БНСУ-ын Похан хотод байрлах “POSCO” груп­пийн гангийн үйлдвэрийн төв хаалганы дээр “Байгалийн баялаг хязгаартай ч хүний бүтээл хязгааргүй” гэсэн уриа бичжээ.

Үйлдвэртэй танилцах аяллын эхэнд “Та бүхний зүүн гар талд харагдаж буй нисдэг тэргүүд бол манай удирд­лагуудынх. Тэд төв байр, бусад үйлдвэрүүд рүүгээ нисдэг тэргээр явдаг юм” хэмээн хөтөч нь тайлбарлалаа. 320 км орчим хатуу хучилттай авто замтай энэ том үйлдвэртэй бид автобусаар явж танилцсан.

“POSCO” группийн гангийн үйлдвэр 1968 онд 39 ажилтан­тай байгуулагдаж байсан бол одоо зөвхөн Похан дахь үйлдвэр гэхэд л 8500 гаруй ажилтантай болжээ. Эхний үед дотоодын хэрэгцээг хангаж байсан бол 1983 онд дөрөв дэх өргөтгөлөө барьж дуусснаар дэвшилт технологи ашигласан дэлхийн шилдэг төмөрлөгийн үйлдвэр болон өргөжжээ. Мөн үйлдвэрлэлийг өргөжүүлэх бодлогоо улам боловсронгуй болгож Гванжу хотод бас  нэг үйлдвэр байгуулан 1992 онд ашиглалтад оруулсан байна. Тус  групп үйлдвэрлэсэн төмрийнхөө 50 хувийг экспор­толж үлдсэн 50 хувийг нь дотоодынхоо хэрэгцээнд ний­лүүл­дэг бөгөөд гол түүхий эд болох төмрийн хүдрээ Австралиас авдаг байна.

              “Хьюндай” 10 секундэд нэг машин үйлдвэрлэж байна

Дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч эхний дөрвөн үйлдвэрлэгчийн нэг болох БНСУ-ын “Хьюндай” группийн Улсан хотод байрлах үйлдвэртэй танилцлаа.

 “Хьюндай” групп дэлхий даяар 19 үйлдвэр, 75 мянган ажилчинтай. Энэ 19 үйлдвэр хоногт хоёр ээлжээр 17 цаг ажилладаг.

 Бид тус үйлдвэрийн угсрах цех буюу бэлэн болсон эд ангиудыг угсарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесстой танилцав.

Шат дамжлаг бүр дээр хоёр хүн ажиллаж зөвхөн өөрсдийн хариуцсан ганцхан ажлаа 65 секундын дотор хийх үүрэгтэй аж. Харин нэгэн ижил ажлыг удаан хийлгэхгүйн тулд  хоёр цаг тутамд ажилчдаа 10 минут амраагаад ажилчдынхаа байрлалыг сольж ажиллуулдаг байна. “Хьюндай” группийн хамгийн том үйлдвэр болох Улсан хотын үйлдвэр 34 мянган ажилчинтай бөгөөд  бүрэн автоматжуулагдсан энэ үйлдвэр  өдөрт 6000, жилд 1.5 сая автомашин үйлдвэрлэг бөгөөд энэ нь 10 секундэд нэг машин үйлдвэрлэдэг гэсэн үг. “Хьюндай” групп 2014 онд таван сая автомашин худалдаалжээ. Үүнийхээ 80 гаруй хувийг экспортод гаргадаг. Улсан хотын үйлдвэр нь далайн эрэг дээр байрладаг учраас автомашинуудаа хөлөг онгоцонд ачин шууд экспортод гаргадаг байна.

Ийн манай багийнхан гурван өдөрт багтан Сөүл, Похан, Кёнжу, Улсан, Бусанаар аялан БНСУ-ын урлаг, соёл, аялал жуулчлал,  аж үйлдвэрийн зарим газруудтай танилцан, багагүй мэдлэг хуримтлуулаад буцлаа.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг