sonin.mn

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд болон 2015 оны намрын ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсоно.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагт  “Б” танхимд Эрүүл ахуйн тухай, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай хэлэлцэнэ.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд эхэлж, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай  тогтоолын төсөл, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНЭУ Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай зэрэг 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг