sonin.mn

Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яам хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар санамж бичиг байгууллаа.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ярихдаа,"Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг бол ажилтай орлоготой, эрдэм боловсролтой монгол хүн юм. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн ур чадвартай ажилтнууд чухал учраас энэхүү санамж бичгийг байгууллаа. Өнөөдөр батлан хамгаалах салбарт хугацаат болон гэрээт цэргийн алба хааж байгаа залуусыг албаа хааж байх хугацаанд нь сургаж мэргэжил эзэмшүүлэх, мэргэжилтэй нэгнийг нь хос мэргэжилтэй болгох зайлшгүй шаардлага бий.

Хоёр тал цэргийн алба хаагчдын сурах орчин, нөхцлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, анги танхимаар хангах, сургалтыг зохион байгуулахад мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үүргийг хүлээж байгаа.

Манай улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 82 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 42 мянга гаруй оюутан сурагчийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр сургаж байгаа өөрсдийн боломж дээрээ түшиглээд энэ ажлыг хийхээр төлөвлөсөн. Чухам ямар мэргэжлээр хичнээн хүнийг яаж сургах вэ гэдэг нарийвчилсан төлөвлөгөөг хоёр яамнаас гарсан ажлын хэсэг тогтооно” гэлээ. 

Зөвхөн хугацаат цэргийн алба хаагчдаар зогсохгүй гэрээт цэрэг, цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нарыг чөлөөнд гарахаас өмнө давхар мэргэжил эзэмшүүлж, бусад салбарт хөрвөх боломжийг бий болгох аж. Мөн тэднийг Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамруулахаар санамж бичигт тусгажээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг