sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.10.09/ Уралын Холбооны Их Сургууль /УрФУ/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.



Уулзалтын эхэнд төлөөлөгчдийн тэргүүн Попов Александр Николаевч, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр Уралын Холбооны Их Сургууль /УрФУ/-ийн төлөөлөгчид энэ сарын 6-12-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа болохоо танилцуулсан юм. Уралын Холбооны Их Сургууль нь Монгол Улсын ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Барилга Архитектурын сургууль, Механик тээврийн сургууль болон Гадаад хэлний институттэй хамтран ажилладаг. Энэ хүрээнд баклаврын түвшинд оюутан солилцох, багшлах бүрэлдэхүүний хамтын ажиллагааг дэмжих, ном сурах бичиг, сургалтын материалуудыг солилцох, сургалт судалгааны үндсэн чиглэлүүдээр хамтарсан хурал, семинар, симпозиум, үзэсгэлэн зохион байгуулах, оюутнуудын зуны сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. Мөн хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх зорилгоор Дархан, Эрдэнэт хотод ажиллан, уул уурхайн чиглэлээр инженер, техникийн мэргэжил эзэмшиж байгаа оюутан залуустай уулзсан гэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ашигт малтмалын баялаг нөөцтэй Монгол Улсын хувьд уул уурхай, эрчим хүчний чиглэлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага байгаа талаар онцолж байв. Мөн "Сүүлийн жилүүдэд ОХУ-д суралцах залуусын тоо буурч байгаа, энэ нь олон шалтгаантай. Би Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай энэ талаар ярилцаж, ОХУ-д суралцаж буй оюутнуудыг дэмжих, тоог нэмэгдүүлэх үүднээс  сар тутмын стипендыг нэмүүлэх талаар санал солилцсон" гэлээ.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль, Монгол Улсын ШУТИС хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо өргөн байгааг хэлж байсан юм. Тухайлбал, металлург, эрчим хүчний салбарт Турбины байгууламж технологийн хөтөлбөр, нарийн мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж болно. Уралын Холбооны Их Сургууль нь Уралын Турбины үйлдвэртэй нягт хамтран ажилладаг. Харин тус үйлдвэр, Монголын “ТЭЦ-4” дулааны цахилгаан станц хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улсын ШУТИС “ТЭЦ-4” дулааны цахилгаан станцтай мөн сургалт, судалгаа, оюутнуудын дадлага ажлын хүрээнд нягт хамтран ажилладаг болохоор энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо өргөн байгааг Улсын Их Хурлын дарга хэллээ.



Энэхүү уулзалтын үеэр Уралын Холбооны Их Сургууль, ШУТИС өнгөт болон хар металлургийн хамтарсан хөтөлбөр болон нарийн мэргэжлийн орос хэлний бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлэх,  ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль, Монгол Улсын ШУТИС-ийн хамтарсан судалгааны лаборатори байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн багш, техникийн ухааны доктор Л.Оросоо болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.