sonin.mn

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын сонгуулийг ажиглаад ирсэн Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Киргизийн парламентын сонгуулийг СЕХ-ны ажиглагчид ажиглаад ирэв. Юуг голлон ажиглав?

-БНКирУ-ын парламентын сонгууль 10 дугаар сарын 4-ний өдөр боллоо. Уг сонгуульд олон улсын ажиглагчаар 60 гаруй орны 600 гаруй хүн ажилласан. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гэхэд л 300 гаруй ажиглагч явуулжээ. УИХ-ын гишүүн Л.Болд, манай Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат, Консулын газрын ажилтнууд нэг баг болж ажиллав. Бид сонгуулийн өдөр 4 хэсэгт санал авах ажиллагааны нээлт, хаалт, санал авах үйл ажиллагаа, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох техник хэрэгсэлтэй танилцлаа.

Киргиз Улсын 5.7 сая орчим хүн амын 2.7 сая орчим сонгуулийн насны хүн иргэний шинэчилсэн бүртгэлд хамарч, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 60 хувь нь сонгуульд оролцлоо гэж Киргизийн Сонгуулийн хорооноос мэдээлж байсан. Сонгуулийн 2338 хэсэг буюу санал авах байр ажилласан. Үүнээс гадаадын 26 улсад 35 хэсэг ажиллаж гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулсан.

-Эднийх  сонгуулиа ямар тогтолцоогоор явуулав? 

-БНКирУ-ын Парламент 120 гишүүнтэй 5 жилийн хугацаатай сонгодог, сонгуулийн тогтолцоо нь 100 хувь пропорциональ. Өөрөөр хэлбэл, сонгогч саналын хуудаст бичигдсэн 14 намаас зөвхөн нэгийг сонгож санал өгнө гэсэн үг. 14 нам оролцсоноос 6 нам 7 хувийн босго давж парламентад суудал авах боломжтой болсон тухай Киргизийн Сонгуулийн төв хорооноос мэдээлж байв.

-Сонгуульд шинэ техник хэрэгсэл  анх удаа ашигласан гэсэн? Манайхтай адил юм уу?

-УИХ-ын 2012 оны болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар БНКирУ-ын Сонгуулийн төв хорооны төлөөлөгчид манай сонгуулийг ажигласан. Түүнээс гадна БНКирУ-ын төр, засгийн болон намуудын удирдлага манай сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох машиныг үзэж ажиллагаатай нь танилцсан. Энэ сонгуулиар БНКирУ манай туршлагыг хэрэгжүүлж иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох үйл ажиллагаанд сүүлийн үеийн техник хэрэгсэл  анх удаа ашиглалаа.

Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь манайхтай адил боловч сүүлийн үеийн хэлбэр дизайнтай,  боловсронгуй техник хэрэгсэл ашиглав. Иргэний шинэчилсэн бүртгэлийн тоног төхөөрөмж, программ хангамжийг Германаас авсан бөгөөд сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг Японы ЖАЙКА байгууллага, санал авах, тоолох машины иж бүрдлийг БНСУ-ын Засгийн газрын тусламжаар санхүүжүүлж ашигласан байна. Монголын сонгуулийн шинэчлэл, үйл ажиллагаанаас туршлага авч сонгуульдаа техник хэрэгсэл ашигласан нь амжилттай боллоо. Монголын туршлага их хэрэг болсон гэж Киргизийн тал дүгнэж байна билээ.

Сонгуулийн үйл ажиллагаандаа техник хэрэгсэл ашигласнаар сонгуулийн урьдчилсан дүн санал авах байр хаагдсанаас хойш бараг 1 цагийн дотор Киргиз Улс даяар нэгтгэгдсэн байлаа.

-Сонгуулиар техник хэрэгсэл ашиглахын зэрэгцээ хяналтын тооллого хийж байна уу?

-Манайд бол УИХ-ын сонгуулийн хуулиар хяналтын тооллого хийх заалт байхгүй шүү дээ. СЕХ-ноос санал авах, тоолох техник хэрэгсэл ашиглаад гарсан үр дүнг баталгаажуулах үүднээс хяналтын тооллого хийх саналыг тэр үеийн УИХ-ын сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт тавьж байсан боловч ажлын хэсэг манай саналыг аваагүй юм. Харин БНКирУ-д сонгуульд оролцож буй нам тоолуулах хүсэлт гаргавал хяналтын тооллого хийдэг юм байна. 

-Гомдол маргаан  гарах юм уу?

-Тойрогт нэр дэвшигч байхгүй зөвхөн намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа болохоор гомдол маргаан харьцангуй бага гарсан гэсэн. Сонгууль их тайван нөхцөлд явагдсан.

-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Киргизээс авч болохоор ямар туршлага байна вэ?

-Тэд хяналтын тооллого хийхийн сацуу сонгогчийн ирцийг ирсэн хувиар хүчинтэйд тооцож байв. УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал дээрх зүйлийг харгалзах  нь зөв болов уу.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг