sonin.mn
Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооноос залуусыг ёс зүйтэй байхыг уриалж байгаа. Энэ талаар болон залуучуудын байгууллагатай холбоотой зарим асуудлаар Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн П.Нүрзэдтэй ярилцлаа.
 
-Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооныхон залууcыг ёс зүйтэй байцгаая хэмээн уриалж байгаа. Яагаад ингэж уриалах болов?
 
-Сүүлийн үед залуучуудаас хамааралтай зүйлүүд их гардаг болж. Өөрөөр хэлбэл, ёс зүйгүй үйлдлүүд их гарч байна. Иймээс залуусыг ёс зүйтэй байя гэж уриалж байгаа юм. Ёс зүй бол бичигдээгүй хууль. Энэ бол энгийн зүйлээс эхэлдэг. Жишээ нь, монголчууд өөрөөсөө ахмад хүнийг хүндэлдэг, мэндэлдэг. Хажууд нь эрээ цээргүй аашлах, элдэв хараалын, муухай үг хэрэглэдэггүй.
 
Гэтэл ахмадуудаа хүндлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах, хайрлах зан чанар зарим залуусаас харагдахгүй байгаад харамсаж байна. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар асуудалд ханддаг болчихож. Компьютерийн ард суучихаад хэнийг ч хамаагүй муулж, гүтгэж, доромжлохыг юман чинээ бодохгүй байна. Уг нь, тэгж суухын оронд эх орныхоо хөгжил дэвшилд, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, гар бие оролцож, ухаан бодлоо уралдуулаасай. Нэг ийм үг байдаг даа. “Эх орон чинь чиний төлөө юу хийхийг хүлээж суух биш, эх орныхоо төлөө бид өөрсдөө юу хийж чадахаа харуул” гэж. 
 
Ажиглаад байхад залуус юманд хэт бэлэнчлэх сэтгэлгээгээр хандаад байх шиг. Төрийн албанд орвол, дарга болбол их мөнгө олчих юм шиг л бодож байна. Харин үүнийхээ оронд өөрийнхөө үнэт зүйл, капиталыг бий болгох ёстой. Энэ бүгдийг бий болгохын тулд ёс зүйтэй байх хэрэгтэй. Энэ ч үүднээсээ нийслэлийн АЗХ-ноос “Залуус аа, ёс зүйтэй байцгаая” хэмээн уриалж байна. Тэр тусмаа МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуучуудад хандан уриалж байгаа юм.
 
-Нам дагасан, даргын цүнхийг барьж гүйж байгаад л ямар нэг албан тушаал, эрх мэдэлд хүрэх хүсэлтэй залуус олон болсон нь харамсалтай. Энэ тухай та юу гэж боддог вэ?
 
-Залуусын ийм байдлыг сөрөг хүчнийхэн эрх баригч байхдаа бий болгосон. Ажлын туршлагыг нь харахаас илүүтэй хэн нэг даргын туслах байсан хүнийг албан тушаалд томилдог байсан. Энэ бол хамгийн буруу зүйл. Ингэснээр залууст амар хялбар аргаар албан тушаалд очих, мөнгө олох боломжтой гэсэн сэдэл төрүүлж байгаа юм. Ийм байдлаар явсан зарим нь өөрөөрөө эрдчихдэг. Өөрсдийгөө лаг том дарга болсон гэж бодох жишээтэй. Үүний улмаас энд, тэнд очиж мөрийтэй тоглох, хүчирхийлэл, төрөөс хулгай хийсэн явдал НАМЗХ-ныхноос гарсан бодит жишээнүүд байна шүү дээ. 
 
-Хэд хоногийн өмнө Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газар ажилладаг эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэн залуус НАМЗХ-ных гэж байгаа. Үүнээс гадна олон асуудалд тус  холбооны залуус холбогдсон тухай хэвлэлийнхэн байнга л бичдэг. Хүний санаанд ч оромгүй явуургүй, бусармаг үйлдлүүд НАМЗХ-ны залуусаас гарч байгаа нь олны анхаарлыг татаж байна л даа?
 
-Хамгийн муухай жигшмээр хэргүүд тэндээс гарч байна. Энэ нь залуучуудын ёс зүй болохоо байжээ гэдгийг харуулж байна. Иймээс л залуучуудаа ёс зүйтэй байя гэж уриалж байгаа. Хүн хүнээ хайрлая, ирээдүйд улс эх орноо авч явах залуучууд ёс зүйтэй байя, залуус бие биеэ дэмжие л гэж яриад байгаа юм. Үүнийг залуу хүн бүр өөр дээрээ тусгаж, ёс зүйтэй байгаасай гэж хүсэж байна. Нийгэмд хүчирхийлэлгүй ардчиллыг бий болгох ёстой. Үүнд залуус бидний оролцоо чухал. Бид нэг нэгэндээ үлгэр дууриал болж, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ нэг нэгэндээ хэлж, алдаагаа засах боломжтой.
 
Ёс зүйгүй авирлаж, хууль бус үйлдэл хийж буй залуучууд НАМЗХ-нд байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Ийм хүн манай намд байхгүй гэж үгүйсгэж байгаа юм биш. Улстөрч, дарга нарын хүүхэд ч манай намд бий. Тэд гагцхүү ёс зүй гэж юу юм бэ гэдгээ мэддэгээрээ л МАН-ын залуусаас ялгаатай.
 
-Залуусыг нийгэм ийм байдал руу оруулаад байна уу, аль эсвэл хувь хүнээс өөрөөс нь шалтгаалж байна уу?
 
-Монголчууд “Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Биеэ ч, гэрээ ч засаагүй нөхдүүд албан тушаалд очих гэж, дарга болох гэж улайрах юм. Яаж ч бодсон амар хялбар аргаар, хөдөлмөрлөхгүйгээр эрх мэдэлтэй, мөнгөтэй болно гэж байхгүй. Ийм, тийм юмнаас залуус ингээд байна гэж хэлмээргүй байна. Хамгийн гол нь, залуус маань хүсэл, мөрөөдөл, зорилгоо тодорхойлж, зөв замаар л түүндээ хүрэхийг хичээх хэрэгтэй.
 
-Би залуусыг бүгдээрээ л төрд орохыг хүсэгчид гэж хэлээгүй юм шүү. Гэхдээ ийм хэсэг бүлэг бас байна. Ялангуяа, Монголын залуучуудын холбооныхон. Нийт залуусынхаа эрх ашиг, эв нэгдлийн төлөө ажиллахгүй  хэтэрхий их улстөржөөд байх шиг ээ. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Монгол бол залуучуудын орон. Судалгаанаас үзэхэд, хүн амын олонх нь залуучууд байна. Мэдээж, тэдэнд олон асуудал тулгамдаж байгаа. Иргэд маань өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонгох, сонгогдох эрхээ бүрэн утгаар нь эдэлж ирлээ. Үүнийхээ үнэ цэнийг ч ойлгодог болсон. Хэнийг сонгож төрд оруулах нь тэдний эрх. Тэртээ тэргүй одоогийн улстөрчдөөс хэн нь хэн бэ, хэн нь юу хийв гэдгийг сонгогчид өөрсдөө мэдэж байгаа. Хүнээр заалгаж шийдвэр гаргадаг үе өнгөрсөн.
 
Дарга ч гэсэн дангаараа шийдвэр гаргахгүй, иргэдээсээ асуудаг, тэдний санал, бодлыг сонсч, шийдвэрээ гаргадаг жишиг тогтож байна. Тиймээс Монголын залуучуудын холбоо залуусынхаа өмнө тулгамдсан олон асуудалд анхаарлаа хандуулж ажиллаасай. Сонгууль дөхөхөөр л Монголын залуучуудын холбоо хөдөлгөөнд ордог, захиалгат нэвтрүүлэг хийдэг ийм дүр зураг харагдаад удаж байна шүү дээ. Хэн нэгний гар хөл болж байгаа залуус эцэстээ өөрсдөө л хохироод үлдэнэ.
 
-Ер нь, манай төр засгийн зүгээс залуучуудаа дэмжиж байна уу?
 
-Мэдээж, залууст дэмжлэг хэрэгтэй. Төр засгийн зүгээс янз бүрийн арга хэлбэрээр тэднийг дэмжих бодлого баримталж байгаа. Тухайлбал, ипотекийн найман хувийн зээл батлахад нийгмийн зорилтод бүлэг тэр дундаа залуу гэр бүлүүдийг дэмжиж, хамруулсан. Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг дурьдаж болно. Японд улсад 1000 залуу инженер бэлтгэх ажил эхэллээ. Энэ мэтчилэн залуус руу чиглэсэн олон ажил бий. 
 
Миний хувьд залуус маань юун түрүүнд боловсрол сайн эзэмших ёстой гэж боддог. Хаана, ямар хугацаанд боловсрол эзэмшсэн нь чухал. Одоо үед Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд л гадаадын улс орныг зорьдог болж. Уг нь  Монголдоо сурч, ажиллаж байгаад бусад улс орны туршлагыг судлаж, суралцсан нь дээр гэж боддог.
 
Тухайлбал, хотын Засаг дарга Э.Бат-Үүл их сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд очиж гурван жил багшилсан байдаг. Мэдээж, хотын залуу хөдөө очиж ажилласнаар маш их зүйл сурч мэдэх юм шүү дээ. Амьдралын ухаан, монгол ёсондоо суралцах нь гадаадад боловсрол эзэмшихээс чухал боловсрол юм.
 
-Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн зарим залуус эх орондоо эргэж ирэхгүй байна. Монголдоо ирэхээр ажиллах орчин байхгүй, төрийн алба нь тогтворгүй байдаг гэх мэт шалтгаан бас нөлөөлдөг юм шиг ээ?
 
-Чадвартай, мэдлэгтэй залуусаа эх орондоо авчрах л ёстой. Гадаадад суралцсан залуус маань ямар нэг шалтаг шалтгааны улмаас эх орондоо ирэхгүй байна гэж бодохгүй байна. Гадаадад боловсрол эзэмшсэн, мэргэжлээ дээшлүүлсэн олон хүн, ялангуяа залуучууд улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сурч мэдсэн зүйлээ зориулж, сайн ажиллаж байгаа жишээ зөндөө байгаа. 
 
Манай улсын хувьд Хятад улс шиг үйлдвэрлэл явуулж чадахгүй, үйлдвэрлэлийнх нь хэмжээг ч давахгүй. Харин бид нэг том давуу талтай. Энэ бол мал аж ахуй, газар тариалан байна. Бид хийж чадах зүйлээ л хийх хэрэгтэй юм шиг. Ингэлээ гээд бүгд худалдагч, наймаачин, бүгд дарга байх албагүй.
 
Үндэсний хэмжээний том компаниудыг дэмжээд гаргаж ирэх ёстой. Манай улс дэлхийн зах зээлд өрсөлдөе л гэвэл дэлхийн хэмжээний томоохон корпорациудыг бий болгох хэрэгтэй юм. Залуучууд ажиллаж, дэлхийн стандартыг сурч, эзэмшчихсэн байхад монгол хүн хаана ч газардахгүй.
 
-Ярианыхаа сэдвийг танай намын залуучуудыг холбоо руу чиглүүлье. Ингэхэд ёс зүйтэй байя гэж уриалж байгаа АЗХ-ны залуус өөрсдөө хэр ёс зүйтэй вэ?
 
-Бид өөрсдийгөө магтах гээгүй. Гэсэн ч гадаадад очиж казино тоглодоггүй, төрөөс хулгай хийдэггүй, хүчирхийлэх бусармаг үйлдлийг гаргадаггүй. Манай намын залуус дунд ийм хүн байхгүй. Нэлээд олон шалгуурыг давж байж залуучуудын байгууллагын толгойд гардаг. Мэдээж, манай залуучуудын байгууллагыг шүүмжлэх хүмүүс байдгийг үгүйсгэхгүй. Чадвараараа өрсөлдөж, олон шалгуур давж байж гарч ирж буй залуучууд хүний аманд ч багтахааргүй тийм хэргийг үйлдэхгүй.
 
-Танай нам залуучуудаа хэр дэмжиж ажилладаг юм бэ?
 
-Манай нам залуучуудаа дэмжих гэхээс илүү боломж олгодог. Залуус маань намынхаа удирдлагуудаас үлгэр дуурайлал авч, өөрсдийгөө хөгжүүлэх, боловсруулахад түлхүү анхаардаг.
 
-АЗХ-ны хэсэг залуус намынхаа удирдлагуудыг “Залуучууддаа байраа тавьж өг” гээд л уриа лоозон бариад, шүүмжлээд байсан. Ахмад үе нь залуустаа байраа тавьж өгөх цаг болсон гэж үү. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
 
-Залуучууд гарч ирээд бүгдийг сайхан болгоно гэж байхгүй. Ямар ч тохиолдолд залуус бид ахмад үеэсээ суралцаж, тэднийг сонсох ёстой. Мэдээж, намд залгамж халаа гэж зүйл байна. Залуу, дунд, ахмад үеийнхээ балансыг барих ёстой гэж боддог. Залуучууд маань хэт яарах хэрэггүй л болов уу.
 
-Харин залуучуудынхаа үгийг сонсох тал дээр?
 
-Сонсолгүй яахав. Манай намын лидерүүд их залуу сэтгэлгээтэй, ийм ч учраас залуусынхаа үгийг сонсдог.  
 
-Таны хувьд одоогийн улстөрчдийн хэнээс нь үлгэр дууриалал авдаг вэ?
 
-Олон хүн байна. Хамгийн ойр байдаг, хамтарч ажилладгийн хувьд Э.Бат-Үүл даргыг хэлнэ. Таван жил хамт ажиллалаа. Энэ хүнээс сурах зүйл асар их байдаг. Түүнд зарчмын нэг асуудал бий. Шударга, хийе гэсэн ажлаа зоригтой хийдэг. 
 
-Ингэхэд П.Нүрзэд гэж хэн бэ. Та өөрийнхөө талаар ярина уу?
 
-Би МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг төгссөн. Мөн ШУТИС-ийн Механик инженерийн их сургуульд суралцаж, автын инженерээр магистрын зэрэг хамгаалсан. 2001-2005 онд АЗХ-нд ажиллаж байлаа. 2005-2009 онд АН-ын төв аппаратад орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан, 2009-2012 онд Зам  тээвэр, барилга, хот байгуулалтын яамны харьяа Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны тоо бүртгэлийн хэлтсийн албаны дарга хийж байсан. 2012 оноос Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр ажиллаж байна.  
 
-АН үүсч байгуулагдаад 25 жил өнгөрлөө. Таны хувьд энэ намын тогоонд арав орчим жил чанагджээ. Өнгөрсөн хугацаанд танай нам хэрхэн өөрчлөгдөв?
 
-АН-ыг Монгол Улсын сүүлийн 25 жилийн өөрчлөлттэй холбож ойлгодог. Сайнаар ч, муугаар ч ярьдаг. Гэхдээ муугаасаа сайн нь их. Нийгмийн тогтолцооны өөрчлөлтөөс эхлүүлээд улс орныг өнөөгийн хөгжилд хүргэхэд маш том хувь нэмэр оруулсан төдийгүй бодлогоор олон бүтээн байгуулалтын ажлыг санаачилж, хийж, хэрэгжүүлсэн улс төрийн хүчин. Сүүлийн гурван жилд л гэхэд  улс оронд хэрэгтэй, иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж чадсанд бахархаж явдаг.
 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин