sonin.mn
Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүнд Монгол Улсын Үндэсний Аудитын газраас дүгнэлт хийжээ.
 
Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь шударга бус өрсөлдөөнийг дэмжих үндэс болж байна
 
Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 195 тоот тогтоолоор Хөгжлийн банк байгуулах шийдвэр гарч байсан. Ингээд энэхүү тогтоолын дагуу УИХ 2011 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан түүхтэй билээ. Тус банк байгуулагдсан цагаасаа эхэлж олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа боловч хууль зөрчин нэр бүхий компани төслүүдэд их хэмжээний зээл олгосон асуудал өнөөдөр дуулиан шуугиан тарьсан хэвээр байгаа юм.
Тухайлбал, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар “Засгийн газрын тогтоолын дагуу Хөгжлийн банк нь мэргэжлийн шинжилгээ, судалгаагүйгээр зээлийг олгож байна.
 
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк нь Засгийн газрын тогтоолын дагуу төсөл хөтөлбөрүүдийг шууд санхүүжүүлж байгаа нь Хөгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хараат бус байх, ашигтай ажиллах, ил тод байх, хариуцлагатай байх гэсэн зарчимтай зөрчилдөж байна” хэмээжээ. Түүнчлэн тус банкийг нээлттэй тендер шалгаруулахгүйгээр харьцуулалтын арга болон шууд гэрээ байгуулах аргыг баримтлан гүйцэтгэгч компаниудыг сонгон шал­гаруулж байна гэж ҮАГ-ынхан дүгнэлтдээ дурьджээ.
Ямартай ч тус газраас Чингис, Самурай бондын зарцуулалт хяналтгүй, үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан байна гэдгийг нь тогтоочихлоо. Энэ мэт маш олон асуудал УИХ-ын ажлын хэсгийнхний анхаарлын төвд орж улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандах, АТГ-т шалгуулах хүртэл асуудал өнөөдөр бий болчихоод байгаа юм.
 
 
 
Хөгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгүй нөхцөлөөр олгожээ
Тухайлбал, Хөгжлийн банк нь барилгын салбарт зээл олгохдоо харилцан адилгүй нөхцөлөөр олгожээ. Үүнд ТОСК нь Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд Буянт-Ухаа I, II төслийг үндэсний бүтээн байгуулалтын зургаан компаниар тухайн ажлыг гүйцэтгүүлж 1мкв-ын үнийг дунджаар 1300.0 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол “Пи Ай Эм Эм” ХХК нь барилга угсралтын ажлыг Гангар ХХК болон БНАСАУ-ын компаниар гүйцэтгүүлж 1мкв-ын үнийг 2500.0 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байна.
 
Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн долоодугаар тогтоол, Зээлийн хорооны 2013 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар шийдвэр, “Хөгжлийн банк” , “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б2013-101 тоот гэрээгээр 20.0тэрбум төгрөгийн зээл олгосон нь Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолыг зөрчсөн байна.
 
Аудитын дүнд Зээлийн хорооны 2013 оны 43 дугаар шийдвэр “Хөгжлийн банк”, “PIMM” ХХК-тай байгуулсан 2013 оны долоодугаар сарын 18-ны 3-ОС-Б 2013-101 тоот гэрээгээр олгосон 20.0 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлэх арга хэмжээ авах, Орон сууцны борлуулалтыг ТОСК-иас санхүүжүүлж буй “Буянт-Ухаа II” хорооллын нэгэн адил үнээр борлуулж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар албан шардлага өгч цаашид дээр дурьдсан “ПИ АЙ ЭМ ЭМ” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг АТГ-аар шалгуулах шаардлагатай хэмээн дурьдсан байна.
 
Юутай ч энэхүү дүгнэлтээс харахад Хөгжлийн банк төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ тэргүүлэх салбарт хамааралгүй байгууллагад зээл олгосон гэдгийг ҮАГ шалгалтын дүндээ тусгаж бондын хөрөнгөөс зээл авсан барилгын компанийг АТГ-аар шалгуулахыг дүгнэлтдээ бичжээ. Энэ мэтчилэн Хөгжлийн банкнаас асар их хэмжээний зээл гарч байжээ гэсэн ойлголт төрж буй юм.
 
Тэргүүлэх салбарт хамааралгүй Хөрөнгийн биржид хууль зөрчин 1.49 ам.долларын зээл олгосон
 
Мөн Монгол Улсын хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон асуудал бас л өдгөө асуудал дагуулах болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн бирж нь Монгол Улсын тэргүүлэх салбарт хамааралгүй байхад тус газарт зээл олгосон гэсэн үг. Уг үйлдэл нь “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах” гэсэн заалтыг үндсэндээ зөрчсөн гэсэн үг.
 
Цаад утгаараа Эдийн засгийн хөгжлийн яам “Энэ төсөл хөтөлбөрийг санхүүжүүл гэсэн” үүрэг чиглэлийг өгсөн болж харагдаад байгаа юм. Уг нь хууль журмаараа бол Хөгжлийн банкийг ашгийн төлөө ажиллах ёстой гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэтэл нөхөд бүх хууль дүрмээ огоорч дээрх асуудлаас мултарч гарахыг л эрэлхийлж байгаа нь нууц биш.
 
Бондын хөрөнгийг үрэлгэн зарцуулах нөхцөлийг салбарын сайд нь бий болгожээ
 
Засгийн газрын тог­тоолоор хэрэгжүүлж буй төслүүдийн урсгал зардал төсвийн байгууллагуудтай харьцуулахад хэт өндөр байжээ. Энэ нь төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг бондоос сан­хүүжүүлэх хүртэл жиж­гэрчээ гэж ойлгогдохоор байна.
 
Тухайлбал, хоёрхон төслөөр жишээ татахад, Гудамж төсөлд Засгийн газрын 2013 оны 46.71.81 дугаар тогтоолоор 2014 оны наймдугаар сарын 30-нд 2.700.040.600.00 төгрөг, мөн шинэ төмөр зам төсөлд Засгийн газрын 71,82 дугаар тогтоолоор 292.305.204.813.78 төгрөгийн хөрөнгийг олгожээ. Ямартай ч хүснэгтэд дурьдсан есөн төсөлд нийт 553 сая ам. доллар, 215.2 тэрбум төгрөгийн санхүүжилт баталснаас өнгөрсөн оны наймдугаар сарын 30-ны байдлаар 338.8 тэрбум төгрөгийн санхүүжүүлт олгожээ.
 
Мөн төслийн нэгж байгуулах, үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, орон тоог батлах, хянах санхүүжүүлэх үйл ажиллагаа нь бүгд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын тушаалаар бат­лагдсан жур­маар зохицуулагдаж байжээ. Тэгэхээр бондын хөрөнгийг үрэлгэн зарцуулах нөхцлийг салбарын сайд бий болгожээ гэсэн дүгнэлтийг ҮАГ-ын шалгалтаар тогтоогджээ гэж ойлгож болно.
 
Тухайлбал,
1.Тавантолгойн цахилгаан станцын төсөлд техникийн болон санхүүгийн зөвлөгөө авах арга хэмжээнд 4.3 тэрбум төгрөгийг олгосон.
 
2.Эгийн голын усан цахилгаан станцын байр зүйн болон газар хөдлөлийн судалгааг 4.2 тэрбум төгрөгөөр, мөн тус станцын барилгын үе шатны хяналтын техникийн зөвлөгөө авах ажлын төсөв 12.0 тэрбум төгрөгөөр, хуулийн зөвлөгөө авахад 1.9 тэрбум төгрөгөөр нийт 18.1 тэрбум төгрөгөөр батлагдаж 3.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн дэд бүтэц-эрчим хүч төслийн 2013 оны зөвлөх үйлчилгээ болон техникийн хяналт тавих арга хэмжээнд 717.3 сая төгрөгийг баталж, 628.0 сая төгрөгийг тус, тус зарцуулсан байна.
 
Ямартай ч энэ мэт төслүүдэд зөвлөгөө авахад бондын хөрөнгөөс зарцуулсан нь хэр бодитой, үр дүнтэй ажил болсон бэ гэдийг олон нийт хийгээд Засгийн газар дүгнэхэд хэцүү л болов уу.
 
Бондын хөрөнгөөр санхүүжиж буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төслүүдийн үйл ажиллагаа зогсчээ
 
 
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээг­дэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн банк нь ҮХААЯ болон Голомт банктай хамтран салбарын дамжуулан санхүүжүүлтийн гэрээг байгуулж 269.0 тэрбум төгрөгийн санхүүжүүлтийг Голомт банканд олгожээ. Гэтэл санхүүжилт нь олгогдсон байсан дээрх төслийн үйл ажиллагаа зогссон гэдгийг ҮАГ-ынхан дүгнэлтдээ тодорхой заасан байна. Уг нь техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор ҮХААЯ-ны дэргэд Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Ноолууран бүтээг­дэхүүн үйлдвэрлэл, Өвлийн хүлэмжийн аж ахуй, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэсэн таван төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан ч ийнхүү үйл ажиллагаа нь зогсчээ.
 
Гудамж төслийн ажлыг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр тухайн компанид шууд 200 сая ам.доллар олгосон
 
 
Мөн асуудал дагуулаад буй Гудамж төслийг бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Гэтэл энэхүү төслийг хэрэг­жүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 29 дүгээр тушаалаар баталсан түр журмыг үндэслэн гүйцэтгэгч талтай шууд гэрээ байгуулж санхүүжүүлт олгосон зэрэг ноцтой асуудал ҮАГ-ын шалгалтаар тогтоогджээ. Угтаа бол энэхүү хууль зөрчсөн асуудал нь сонгон шалгаруулалт зарлалгүйгээр ашиг сонирхолын зөрчил агуулан гүйцэтгэгч талтай шууд гэрээ байгуулахыг зөвшөөрсөн нь тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн акт болно гэсэн үг. Тэдний энэхүү үйлдэл нь салбарын сайдынхаа хүчин төгөлдөр бус түр журмаар бамбай болгож байгаад Гудамж төсөлд 200 сая ам.долларын зээлийг олгожээ гэсэн үг.
 
Хөгжлийн банкны хууль зөрчсөн үйлдлүүд
 
 
Ямартай ч 2014 оны ҮАГ-ын тайланд энэ мэт төсөл хөтөлбөрүүд олноор тусгагджээ. Хамгийн гол нь бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн эдгээр төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсад хэр ашигтэй үр өгөөжээ хэрхэн яаж өгөх бол гэдэг нь асуудал. Өөрөөр хэлбэл, дээрх төсөл хөтөлбөрт зарцуулагдсан бондын хөрөнгө хууль ёсных байна уу гэдэг нь одоог хүртэл УИХ болон нам эвслийн анхаарлыг татсан хэвээр байгаа билээ. Юутай ч ҮАГ-ын хийсэн шалгалтаас харахад Хөгжлийн банк хуулиас гадуур олон үйлдэл хийжээ гэдэг нь дүгнэлтээс харагдана. Тухайлбал,
 
1.            Хөгжлийн банкны ТУЗ нь “Хөгжлийн банкны тухай” хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхийг зөрчиж банкны бүтцэд өөрчлөлт оруулж, шинэ газар бий болгож, үндэслэлгүйгээр орон тоог ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн.
 
2.            Хөгжлийн банкны ТУЗ нь өөрийн үндсэн үүргээ хангалтгүй биелүүлснээс гадна бүрэн эрхдээ үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж тус банкны ажилтнуудад ихээхэн хөнгөлттэй зээл олгох шийдвэрийг гаргажээ.
 
3.            2012 онд баталсан Хөгжлийн банкны бизнес төлөвлөгөө нь хэрэгжих үндэсгүй болсноос гадна түүнийг өнөөг хүртэл шинэчлэн батлаагүй байна.
 
4.            Хөгжлийн банкны дотоод хяналтын үйл ажиллагаа хоёр жил орчим хугацаанд ажиллаагүй, мөн өнөөг хүртэл хэвийн үйл ажиллагаа нь хангагдаагүй байна.
 
5.            БНСУ-ын удирдлагын багтай байгуулсан гэрээг дуусгавар болгосноос хойш Гүйцэтгэх удирдлагын багийг хууль зөрчин томилж иржээ.
 
6.            ТУЗ-ийн дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүйгээс Хөгжлийн банкны төсвийг хэт өндрөөр батлуулж, зарцуулж байна.
 
7.            Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагааг зохицуулж буй журам, зааврууд нь өнөөгийн түвшинг хангахгүй байгаа нь удирдлагын мэргэжлийн бус үйл ажиллагаатай холбоотой байна.
 
8.            Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 60.2 хувь нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдсон нь төсөвт хүндрэл учруулж болзошгүй байдлыг үүсгэж байна.
 
9.            Урьдчилан бэлтгэл хангаагүй, зураг төсөл ТЭЗҮ, газрын асуудлыг шийдвэрлээгүй ажлуудыг хууль зөрчин санхүүжүүлснээс хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай, зогсонги, санхжүүлтийг олгох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
 
10.          Хөгжлийн банк нь санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрөө УИХ-аар батлуулдаггүй, Засгийн газар, ТУЗ-ийн тогтоол, шийдвэрийн дагуу санхүүжүүлж байгаа нь хяналтыг сулруулж, зээлийг зориулалт бусаар зарцуулах үндэс болж байна.
 
11.          Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд нь төслийн нэгж сонгон шалгаруулалтаар орж шууд гэрээгээр хийгдэж байна.
 
12.          Хөгжлийн банкнаас олгогдож буй зээлүүд Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй байна.
 
13.          Төслийн нэгжүүдийн зардлыг хэт үрэлгэн байдлаар баталж зарцуулж байна хэмээх ноцтой дүгнэлтүүдийг гаргаж Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байжээ.
 
Юутай ч өнгөрсөн хугацаанд олон нийт хийгээд нам эвслийн бүлгүүд Чингис, Самурай бондын тайлангийн зарцуулалтыг олон нийтэд ил болгохыг удаа дараа шаардсан ч хүч хүрэхгүй байгаа.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк эдгээр бондын зарцуулалтын тайланг шилэн дансаар хүргэхдээ УИХ-ын хэн гэдэг, Засгийн газрын гишүүдийн хэчнээн компаниар гүйцэтгүүлснийг тодорхой болгохыг шаардсан ч тусыг эс олсон.
 
Юутай ч 2014 онд ҮАГ-аас Хөгжлийн банктай холбоотой нэлээд ноцтой шалгалтуудыг хийж дүгнэлтээ гаргачихлаа. Тэдний хууль бус үйлдлүүд ар, араасаа хөвөрч байсан нь бага багаар тогтоогдож эхлэх бололтой. Ингээд бид дараагийн нүүрэндээ 2015 онд ҮАГ-аас Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээллэх болно.
 
Засгийн газраас гаргасан үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн үр дүнд Монгол Улсын Үндэсний газраас 2015 оны дүгнэлт хийжээ.
 
 
Хөгжлийн банкны эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах шаардлагтай байна гэх дүгнэлтийг ҮАГ-аас гаргажээ
 
 
"Чингис", "Самурай" бондын зээлийг авахад гэрээг нь ард түмэнд үзүүлэх, эргэн төлөх хуваарь, зарцуулалтыг тодорхой болгох, төсөвт тусгах, зарцуулалтын талаарх шийдвэрийг ил тод байлгах, зээлийн мөнгөнөөс авсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг зарлах, аудитын шалгалт хийлгэх, ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх гэх мэт олон шаардлагыг нам эвслүүд олонтаа тавьж байсан гэдгийг өмнөх нийтлэлүүддээ дурьдаж байсан. Өөрөөр хэлбэл, "Чингис", "Самурай" бондын зээлийг ард түмний нэрийг барьж авсан. Ард түмнээсээ асуулгүйгээр ногоон гэрлээр УИХ-аар хэлэлцүүлэлгүй баталсан гэх шүүмжлэл одоог хүртэл байгаа.
 
Учир нь нийт монголчуудын төлөх ёстой бондын эргэн төлөлтийн хугацаа хаяанд ирсэн гэж хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улс Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулалт хийсэн хоёр тэрбум 80 сая ам.долларын зээлийн өр бий болчихсон. Мөн 30 тэрбум иенийн зээлийг ч орхиж болохгүй. Тодруулбал, Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сард эргэн төлөх юм. Харин “Чингис бонд”-ынх 2018 оны нэгдүгээр сард эхний 500 сая ам.долларын зээлийн өрийг төлж эхэлнэ.
 
Харин нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөх юм байна лээ. Үүний дараа Самурай бондын төлөлт орж ирэх бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ хийжээ. Тиймээс эдийн засагчид олсон хэдийгээ мөнгө болгох төсөл хөтөлбөрт зарцуулах хэрэгтэйг сануулсаар байгаа юм.
Бодит байдал ийм учраас олон нийт эргэн төлөлтийг нь ард түмэн хариуцах ёсгүй гэсэн мессежийг өгөхөд эрх баригчид "Ард түмнээр төлүүлэхгүй", "Төсөвт дарамт болохгүй" гэх хачирхалтай хариултыг өгч байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байгаа юм. Ямартай ч нөхөд зээлсэн мөнгөө дур мэдэн зарцуулчихаад байгаа нь өнгөрсөн онд Хөгжлийн банканд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт нотлоод өгчихөж байгаа юм. Тиймээс эрх баригчид энэ оноос эхлэн ард түмнээр төлүүлэх, төсөвт дарамт учруулах санаачилгуудыг дэвшүүлж эхэлчихээд байгаа билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
Бодлогын зөвлөл гэгч хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийдээд дуусчээ
 
 
Өөрөөр хэлбэл, Чингис, Самурай бондын зээлийн мөнгийг зарцуулахдаа УИХ-ын гишүүдээр ч хэлэлцүүлээгүй гэдгийг нь тогтоочихсон. Уг нь Төсвийн тухай хуулиар бол "өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхжүүлүүлэхэд зарцуулах" ёстой. Бас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар "Хөгжлийн банк үнэт цаасыг борлуулж, татан төвлөрүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг зөвхөн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулах" үүрэгтэй гээд заачихсан байгаа. Гэтэл эрх мэдэл бүхий этгээдүүд энэ бүх хуулийг уландаа гишгэн бодлогын зөвлөл гэгч хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийдээд дуусч байх шиг байна. Уг нь бондын мөнгийг улсын төсөвт суулгахыг олон удаа шаардсан ч тусыг эс олсон билээ. Ямартай ч улсын төсөвт тусгаагүй хэрнээ зарцуулсан өр зээлийнхээ хүүг өнгөрсөн хугацаанд улсаас төлсөөр ирсэн нь нууц биш. Товчхондоо зарцуулахдаа төсөвт суулгаагүй УИХ-аар хэлэлцүүлээгүй мөртлөө хүү болоод эргэн төлөлтийг улсын нэгдсэн төсөвт тусгах ёстой гэдгийг эрх баригчид тулган шаардах болсон.
 
Татварыг нэмэх замаар бондын мөнгийг ард түмнээр төлүүлэх гэж байна
 
 
Ямартай ч өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн Засгийн газар гаднаас зээлж авсан мөнгөнийхөө эргэн төлөлтийн хуримтлалыг бий болгох хувилбараа 2014 оны наймдугаар сард УИХ-д санал болгож байсан. Тэдний хувилбар ард түмний татварыг нэмэх. Үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин, автотээврийн хэрэгсэлийн татварыг хоёр дахин нэмэх хуулийн төслийг санаачилж байсан юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь нь тэглэгдсээр ирсэн малын хөлийн татварыг авах бодлогыг дэвшүүлсэн. Энэ нь нэг богоос 1000 төгрөг авна. Мөн хотын татварыг шинээр бий болгохоо зарлаж одоо хэрэгжээд эхэлчихсэн явж байгаа. Энэ татвар нь Улаанбаатарт шилжин ирсний, түр оршин суусны, суралцаж байгаагийн, хотын А зэрэглэлийн бүсэд ажиллаж амьдарч байгаа, агаар бохирдуулсны гэх мэтээр олон янзаар цааш задаргаатай хөвөрнө. Энэ мэтчилэнгээр төсвийн шинэ эх үүсвэрийг бий болгож өөрсдийн зээлж авсан татварынхаа ачааллыг ард түмний нуруунд тохохоор санаархаж байсан нь эхнээсээ биелэлээ олсон билээ. Өнөөдөр төсөв алдагдалтай байна хэмээн эрх баригчид өдөр шөнөгүй ярьж байгаа. Яг үнэндээ алдагдалтай байгаагийн гол шалтгаан нь гадаад өр гэж Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхимийн багш, доктор Б.Мөнхзаяа хэлж байсан юм.
 
Тэрбээр “Өрнөөс болж улс орон нь дампуурсан хамгийн ойрын жишээ болох Грекийг бид сайн мэднэ. “Чингис”, “Самурай” болон бусад зээл тусламжаар авсан өрөө цагт нь төлөхгүй бол Монгол Улс дээрх орны араас орохгүй гэх газаргүй шүү дээ. Төсвийн зарцуулалтыг танаж өрөө төлөх нөөцийг үүсгэх шаардлагатай. “Чингис”, “Самурай” бонд зэрэг гадаад өрийн зарцуулалт маш ойлгомжтой байгаа. Тиймээс иргэдийн өгсөн татвараар өрөө төлнө гэхгүйгээр санхүүжигдсэн төслүүд нь эргээд зээлийнхээ төлбөрийг төлөх ёстой.
Засгийн газар ийм л төслүүдэд санхүүжилт хийх нь зүйтэй байсан. Гэхдээ нэгэнт санхүүжилтүүд аль хэдийнээ хийгдээд эхэлсэн байгаа энэ үед нөөц сан бүрдүүлээд явах нь дээр болов уу. Ингэвэл нэг жилийн төсөвт учрах дарамт нь бага ч гэсэн буурах байх” хэмээжээ. Үнэндээ өнөөдөр зам, барилга, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх л газарт тендерийн сонгон шалгаруулалт гээч тоолж ч боломгүй асар их унац ашигтай, ёстой л далд дайн явагдаж, үхэх сэхээ үзэлзэцгээж байгаа.
 
Аргаа барсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр баруун, солгойгүй загнаж байсан удаатай. Ямартай ч монголчууд бид одоо яаж ч мөрөөдөөд “Чингис”, “Самурай “ бонд шиг сайн нөхцөлтэй бонд хаанаас ч олж, босгож чадахгүй. Уг нь бид олоод ирсэн юмаа чулуу болгох ёстой байсан ч чулуу болгож чадсангүй дээ гэдгийг Сангийн яамны сайд асан Ч.Улаан хэлж байсан.
 
Мэдээж энэ үг маргашгүй гашуун үнэн үг гэдгийг эрх баригчид төдийгүй зарцуулалт муутай хөрөнгө гаргасан Хөгжлийн банкны удирдлагууд ч мэдэж байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат 2014 оны аравдугаар сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр бондын хөрөнгийн зарцуулалтын талаар тайлбар хийх үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банкинд тийм эрх байгаа билүү. Чи өөрийгөө банк удирдаж байна гэж бодоод байгаа юм уу. Саяны ярьсан юм чинь банкны захирал шиг л юм ярилаа. Танай байгууллага бол банк биш. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явна шүү дээ. Банк биш учраас чамд тийм эрх байхгүй” гэж чуулганы танхимд хэлж байсан удаатай.
 
Бондын мөнгөнөөс 90 сая төгрөг авч судалгаа хийсэн
 
 
Тухайлбал, “Гудамж” төслийн шилэн дансанд ганцхан ширхэг гүйлгээ хийсэн баримт байдаг юм. Энэ нь нөгөө дуулиан шуугиан тариад байсан алдарт 90 сая төгрөгийн Европ дахь зардал. Тодруулбал, тус төслийн долоон хүн Европын 10 орноор судалгаа хийхдээ 90 сая төгрөгийн зардал гаргаснаа шилэн дансандаа бичжээ. Гэхдээ уг 90 сая төгрөгийг ямар зүйлд, юуны учир зарцуулснаа тодорхой бичээгүй. Харин бидэнд олдсон мэдээллээр долоон хүний тийзний үнэ 20.6 сая төгрөг зочид буудалд 40 орчим сая төгрөг, зам хоногт 13 орчим сая төгрөг, хот хоорондын зардалд 20 сая төгрөг, нийт 90 сая төгрөгийг “Чингис” бондоос зарлагадаж, гадаадын орноор “аялан” судалгаа хийсэн нь тодорхой болоод байна.
Уг нь “Гудамж төсөл” нь өөрөө “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүждэг. Зохих дүрэм журмын дагуу хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг Хөгжлийн банк өөрийн давхар шалгуураар хяналт тавьсны үндсэн дээр санхүүжүүлэх ёстой. Гэтэл гадаадын орноор зөвхөн судалгаа хийхийн тулд 90 сая төгрөг үрсэн нь зориулалтын мөнгийг өөр зүйлд зарцуулжээ гэж харагдаад байгаа юм
 
“Чингис”, “Самурай” бондын мөнгийг “Хөгжлийн банк” захиран зарцуулсан
 
 
Юутай ч Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Засгийн Газрын 11-11 төвийн цахим уулзалтад оролцож, иргэдийн асуултад хариулахдаа “Нийслэлийн 375 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар” ярьсан байдаг. Тодруулбал, Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш бүтээн байгуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зориулан гурван их наяд төгрөг гаргажээ. Үүний гуравны нэг хувь буюу 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг нийслэл хотод хийсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, хот өргөжиж байгаа ч дэд бүтцийг сайжруулах дорвитой ажил хийгээгүй.
 
Тиймээс тус банкнаас нийслэлийн авто замыг сайжруулах төсөлд зориулан 92.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр тус төслийн нийгэм, эдийн засгийн шууд бус үр өгөөж нь жилийн 20 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байгаа. Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төслүүдийг 202.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний үр дүнд нийслэлийн долоон байршил, дахин төлөвлөлтийн найман бүсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой боллоо. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар санхүүжүүлж ашиглалтад оруулснаар нэг Квт цахилгаан үйлдвэрлэх өртөг 74 төгрөгөөс 36 болж буурлаа. Дулааны IҮ цахилгаан станцын 100 МВт-ын өргөтгөлийн ажлыг 57.3 сая ам.доллараар санхүүжүүлснээр тус өргөтгөл дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангана. Амгалангийн 348 МВт-ын дулааны станцын санхүүжилтэд зориулан 25 сая ам. доллар гаргаснаар хотын зүүн бүсийн хэрэглэгчид дулааны найдвартай эх үүсвэртэй боллоо.
 
Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон гэр хорооллын оршин суугчдыг нүүрсээр хангадаг гол эх үүсвэр болох Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөх төслийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр нүүрс бутлах, ачих хүчин чадал жилд 4,5 сая тонноор нэмэгдэж, нүүрс олборлолт 10 хувиар, хөрс хуулалт 11 хувиар өснө гэж тооцоолж байна” гэж тайлагнаж байсан байна. Эндээс харахад Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хотын асуудалд шумбан орж энэ олон сая төгрөгийг зарцуулах нь зүйтэй байсан юм аа гэх асуудал ч яригдаж байсан.
 
Энэ мэт хачирхалтай зардал олонтаа гарсан гэдгийг дээр дурьдсан учраас дахин нурших нь илүүц байх. Юутай ч олон улсын зах зээлээс улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”, “Самурай” бонд босгож, хоёр тэрбум орчим ам.доллар авсан.
 
Энэ мөнгийг “Хөгжлийн банк” мэдэж, захиран зарцуулсан нь бодит . Олон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж, урагшлуулсан гэж банкны удирдлагууд сайрхах дуртай ч гараанаас гарч, бодит амьдралд хэрэгжсэн нь хуруу дарам цөөхөн гэдгийг аудитын дүгнэлтүүд бэлхнээ нотлоод өгнө. Тухайлбал, ҮАГ-аас энэ онд хийсэн шалгалтын дүнгээс харахад Чингис бондын үлдэгдэлийг арилжааны есөн банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан бөгөөд банкуудын нийт зээл, үүний дотор чанаргүй зээлийн үлдэгдэл өсч байгаа нь уг хөрөнгийн татан авалтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна хэмээсэн юм. Түүнчлэн Засгийн газрын тогтоолуудад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэх байгууллага, олгох мөнгөн дүн, хугацааг шууд заасан, түүнчлэн эрсдэл, үр ашгийг нарийвчлан судалж тодорхойлоогүй төсөл арга хэмжээ байна. Мөн Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д “.. санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заасныг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэсэн юм.
 
Түүнчлэн Засгийн газрын тогтоолд нэр заасан компаниудтай Хөгжлийн банк шууд гэрээ байгуулж, санхүүжүүлж байна гэж ч дурьджээ. Эцэст нь хэлэхэд ҮАГ-аас хийсэн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны эдгээр хууль бус үйлдлүүдийг Засгийн газар өөгшүүлж байгаа мэтээр харагдаж байна.
Угтаа бол эргээд хариуцлагын асуудал яригдах дээрээ тулахад тус банкныхан бүх л буруугаа Засгийн газар руу бухна. Харин Засгийн газар нь хариуцлагаас мултрах олон нүх сүвийг сүвэгчлэх нь гарцаагүй. Тиймээс л бид эрх баригчдаас “Чингис”, “Самурай” бондын тайлангийн зарцуулалтыг ил болгохыг олонтаа шаардсны эцэст өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудал яригдахаар болж байх шиг байна.
 
Р.Саруул
Эх сурвалж: Өглөөний сонин