Намар, намар, намар... Шав шаргалхан намар минь. Сэтгэлийн тэнгэрт гэрэл үлдээгээд, сэмхэн хаашаа ч юм нисэн одох нь дээ. Салхины сэвшээ аяар аяархан сэвэлзэж, хаашаа ч юм бэ намрыг өдер өдрөөр зөөсөөр л байна.
 
Гэртээ харих замд цэцэг мэт дэвсэгдэн, эрвээхэй мэт эргэлдэн байсан өнгө бүрийн навчисыг өчигдөр шар хантаазтай хүмүүс цуглуулаад машинд ачиж байхтай таарлаа. Тэдний шүүрний аясаар “Шаррр, шарррр...” хийн эмтэрч, урагдах олон навчийг харахад зүрх нэг л хөндүүрлэх шиг болов. Хараад байтал тэд намрыг нутаг буцахад нь үдэх илч ч юм шиг...
 
Шар улаан хосолсон, бас л намар шиг өнгөтэй хантааз өмсчээ. Бусад улиралд би тэднийг зүгээр л “Их хотын ариун цэврийг сахигчид” хэмээн боддог байлаа. Гэвч энэ удаад яг л намар шиг харагдана. Заримынх нь хантаазны хормой навч мэт сэмэрсэн байна. Харах тусам яг л навч шиг... Энэ намар мэт хүмүүсийн машинд ачаалсан үй олон навчис салхины аясаар үл мэдэг хөгжим тоглож эхлэв.
 
Нүдээ аниад, дотроо гүн сонсоход их хотоос хагацах гэж буйдаа гунигтай ч байна уу даа гэмээр. Намар бол миний хамгийн дуртай, хайр дурлалын улирал болохоор ч тэрүү сэтгэл эзгүйрэх шиг боллоо. Гэвч сонсох тусам хайр дурлалын нууцхан холбоо цаана нь байх шиг, өртөнцийг бүүвэйлэх мэт санагдана. Яг л, хүн төрөлхтөний зүрх сэтгэлийг зуу эуун жил соронздон татаж буй “Сарны сонат" шиг...
 
Людвиг ван Бетховен 1801 онд гүнгийн авхай, гоо үзэсгэлэнт шавь Жулиа Гвичардидаа дурлахдаа “Сарны сонат”-ыг намраар бичсэн ч байж болох юм. Ийнхүү навчисын тоглож буй аялгуунд умбаж ахуйд өнөө намар шиг хүмүүс навчисыг ачааллаад хаашаа ч юм аваад явчихлаа. Баяртай, навчис минь! Эргээд ирэхэд чинь манайх бүл нэмсэн байх болно.
 
М.Наранболд
Эх сурвалж: "Ганзам"сонин