sonin.mn
Өчигдөр Зам, тээврийн сайд М.Зоригт, Авто тээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм болон төмөр зам, агаарын тээвэр, авто замын газрын мэргэжилтнүүд Тэргэнцэртэй иргэдийн холбооныхонтой уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
 
Тодруулбал, тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, онгоцонд суухад ихээхэн бэрхшээл учирдаг талаараа ярьдаг. Тиймээс Тэргэнцэртэй иргэдийн холбооноос дээрх асуудалд анхаарлаа хандуулж шийдэж өгөхийг Зам тээврийн яамнаас хүсчээ.
 
Уг уулзалтын үеэр Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа тэргэнцэртэй иргэд нийтийн тээврийн автобусанд суух тохиолдолд жолооч кондукторууд л суухад тусалдаг. Галт тэргэнд ч мөн адил. Уг нь зориулалтын өргөгч тийм ч үнэтэй эд биш. Нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, 1-2 суудлыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орж гарах, суух зориулалтын болгож болно. Хөгжилтэй орнуудад автобус, галт тэргэнд бидэн шиг хүмүүст зориулсан тусгай хонх байдаг.
 
Тэр хонхыг дарснаар манай автобус, галт тэргэнд тэргэнцэртэй иргэн явж байгаа юм байна гэдгийг жолооч мэдэж, туслах арга хэмжээ авдаг. Мөн зорчигчдод тасалбар, билетийг онлайнаар захиалж авдаг, захиалгаа өгдөг болмоор байна. Бид тусдаа өөрсөддөө зориулсан үйлчилгээний алба ажиллуулж болох юм.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаад руу явлаа гэхэд Монголын хилээр гарахад л шал өөр орчин тосож авдаг. Бидэнд зориулсан тусгай зам, угтах, хүргэх үйлчилгээ гээд бүх юм нь хүндээ зориулагдсан байдаг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журамтай ч гэлээ бид тэр мөнгийг гар дээрээ авч үзээгүй” гэв. 
 
Харин Зам, тээврийн сайд М.Зоригт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хууль эрхзүйн орчин нь байгаа хэрнээ амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Зам, тээврийн яамны зүгээс хийж, хэрэгжүүлж, шийдвэрлэж болох бүхий л ажлыг гурван сарын хугацаанд хийе гэдгээ амлаж байна.
 
Агаарын тээвэр, авто зам, авто тээвэр, төмөр замын мэргэжилтэн, хэлтсийн дарга нар та бүхэнд тулгараад байгаа зовлон бэрхшээл, асуудалд анхааралтай хандаж, арга хэмжээ авахын төлөө шаардлагатай ажлуудыг зохион байгуулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна” гэсэн юм. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"