sonin.mn
“Монгол кино” нэгтгэлийн захирал, найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Солонготой ярилцлаа.
 
-Юуны өмнө танд Урлагийн гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе. 2015 он монгол киноны хувьд түүхэн жил боллоо. Эндээс яриагаа эхэлье?
 
-Өнгөрсөн жил Монголд үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиолоо. 1935 оны аравдугаар сарын 11-нд тэр үеийн нам засгийн тэргүүн Ерөнхий сайд П.Гэндэн, Г.Дэмид, Х.Чойбалсан нарын гарын үсэгтэй “Монгол кино” гэдэг газрыг байгуулаад Хотын захиргааны байрыг авч өгсөн нь тухайн үед кинонд ямар их ач холбогдол өгч байсны илрэл юм. Хэ­дий­гээр монголчууд кино хийж байгаагүй ч Богд хаанаас эхлээд ноёд, харц ардууд хүртэл хүрээнд кино үздэг байж.
 
Кино бол бүх урлагийн тодроос хамгийн чухал нь гэдгийг ойлгоод, тархай бутархай байгаа нүүдэлчдийг киногоор сэнхрүүлж, соёолжуулж, нийгэмшүүлэх зорилго тавьсан юм билээ. Манай улс тэр үед ядуу байсан ч киноны тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл авах, боловсон хүчнээ бэлтгэх ажилд орсон байдаг. Ийнхүү 1935 оноос Монголд “Майн 1”-нийг тэмдэглэж байгаа зургийг авч эхэлсэн байгаа юм.
 
-Анхны кино “Монгол хүү”-г Монголын нутаг дэвсгэр дээр гаргахыг нь хориглосон гэдэг. Нийгэм солигдоод төв хорооны энэ тогтоол хүчингүй болсон уу?
 
-1936-1937 оны хоо­ронд Монголын амьд­ралыг өгүүлсэн, монгол жүжигчид тоглосон “Монгол хүү” гэдэг уран сайхны киног оросууд хийсэн юм. Улаанбаатарт киногоо гаргахад монголчууд өөрсдийнх нь тухай өгүүлэх, монгол жүжигчид оролцсон киногоо үзээд баяртай байж. Гэтэл эсэргүүний хэрэг мандаж, кинон доторх эсэргүү “том толгой” лам нарын зургийг хас гэсэн байгаа юм. Оросууд өөрсдийн хөрөнгөөр хийсэн болохоороо хасахгүй гэнгүүт Төв хорооны тогтоол гарч Монголын нутаг дэвсгэр дээр үзүүлэхийг нь хориглосон. Хүчингүй болгох тогтоол гараагүй учраас Төв хорооны тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байна. 1990 оны дундуур бид хулгайгаар л ганц нэг үздэг байсан. Удахгүй энэ тогтоолыг хүчингүй болгож албан ёсоор нээх байх.
 
-Гэтэл энэ киног Америкт гаргаж тухайн үед монголчуудыг дэлхийд зарлан, жинхэнэ шуугиан дэгдээж байсан гэдэг байх аа?
 
-Нэгэнт Монголд гаргаж болохгүй болонгуут оросууд 1938 онд Америкт үзүүлсэн байдаг. Тэр үед хийгдсэн топ 10 кинонд тооцогдож, Америкийн том хэвлэлүүдээр бичигдсэн. Манжийн дарлалд байснаа дөнгөж чөлөөлөгдсөн Монгол Улсыг өвчин зовлонд нэрвэгдсэн, цөөхөн хүн амтай, мөхөж буй үндэстэн гэж үзэж байсан. Гэтэл тэдний аж амьдралыг харуулсан киног Америкт үзүүлснээр дэлхий дахинд Монгол гэдэг улс, үндэстэн байна шүү гэдгийг харуулсан. Энэ баримтыг нь олж өгөөч гэж АНУ-ын элчин сайдын яаманд хүсэлт тавиад, тэд архиваасаа олж, бидэнд авчирч өгсөн.
 
-Америкийн хэвлэлүүд киноны талаар, Монголын тухай юу гэж бичиж байсан юм бол?
 
-“Монголчууд саран дээр байгаа юм шиг амьдралтай юм. Нүцгэн толгодуудтай, жижигхэн морьтой, өвөрмөц амьдралтай хүмүүс байна. Чингис хаанаас үлдсэн энэ улсын хувь заяа Орос, Хятадын аль нэгний гарт орно. Гэхдээ монголчуудын нүд нь гал цогтой юм. Тиймээс энэ ард түмэн ирээдүйтэй байж магад” гэж 1938 оны “Нью Иорк таймс”-д бичсэн байна лээ. Энэ мэтчилэн Монгол Улсаа сөнөж мөхөөгүй, Азийн цээжинд байдаг гэдгийг дэлхийд зарлаж чадсанаараа “Монгол хүү” кино түүхэн ач холбогдолтой юм.
 
-Монголын эхний кинонуудад монгол найруулагчид оролцож байсан уу. Ихэнх автор нь орос байдаг санагдах юм?
 
-Оросууд хийсэн ч монгол найруулагчид оролцож байсан. М.Лувсанжамц найруулагч хамгийн анхны гадаадад сургууль төгссөн, хамгийн анхны монгол киног найруулахад оролцсон хүн. Гэтэл нэрийг нь киноноос арилгасан байдаг. Энэ хүнийг ид хийж бүтээх насанд нь шорон, гянданд хорьж байсан бөгөөд 1993 онд цагаатгасан. Мөн Т.Нацагдорж Германд сургууль төгсч ирсэн Монголын анхны кино найруулагчдын нэг. Тэр үеийн кинонуудыг хийж байсан ч бас л баригдаж, эсэргүү болон шоронд орсон. Баруунд боловсрол эзэмшсэн сэхээтнүүдийг их хэлмэгдүүлж байсан. Тэдний түүхийг сэргээх ажлыг бид хийсэн. Мөн судлаач, эрдэмтдийн оролцоотойгоор монгол киноны түүхийг өгүүлэх 7-8 ном хийсэн.
 
-“Гайхамшигт дэлгэц” кино төсөл өнгөрсөн жил үзэгчдийг зурагтынх нь өмнө чамгүй сайн суулгасан. Бүтээх үеийн сонин содон зүйлээс яриач?
 
-Энэ бол киноны тухай хийсэн кино юм. Тухайн кинонд тоглосон жүжигчид өнөөдөр мөнх бусыг үзүүлсэн нь олон учир оронд нь өнөөгийн жүжигчдийг тоглуулсан. Тухайлбал, “Цогт тайж” киноны Ц.Цэгмид гуайн тоглосон дүрд хүү Ц.Төмөрбаатар нь тоглосон. “Сэрэлт” киноны эмчийн дүрд ээжийнх нь оронд С.Оюун гишүүнийг тоглуулсан. Энэ мэтчилэн сонирхолтой 4-5 кино төсөл хийсэн. Цаашид үргэлжлүүлэн 12 кино хийх санаатай байна.
 
Алдарт хөгжмийн зохиолчид болох Г.Бирваа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Ц.Намсрайжав нар бүгд дор бүрнээ 7-8 киноны хөгжим бичсэн байдаг. Тиймээс кино бүтээлцэхэд голлох үүрэгтэй байсан хөгжмийн зохиолч, жүжигчид, зураглаач, найруулагч, инженер техникийн ажилтнууд оролцсон 80 хүний 10-15 минутын хөрөг нэвтрүүлэг хийсэн.  Үүнийг бүх телевизээр гаргасан.
 
2015 онд Монголын киноны тухай түүхийг ойлгуулж, мэдрүүлэх, 80 жилийн түүхээ тайлагнах нэлээд ажил хийлээ.
 
-Монгол кинонд үзэл суртлын нөлөөгөөр устгуулсан кино хэр олон байдаг вэ?
 
-“Түмний нэг” киноны хоёрдугаар ангийг хийсэн ч “Ренчин Бямбаевийг санагдуулж байна” гэсэн шалтгаанаар улс төрийн товчоо хаасан байдаг. Тэр тогтоол одоо болтол хүчин төгөлдөр байгаа учраас бид БЗД-ийн шүүхэд өгөөд явж байна. Тухайн үед тэр киног хийсэн уран бүтээлчдийн бүтэн жил ажилласан хөлс мөнгийг нь ч өгөөгүй гэдэг. Намаас арга хэмжээ авч шоронд явуулаагүй нь их юм гээд дуугүй өнгөрсөн юм билээ.
 
Мөн 1960-аад оны үед Д.Жигжид гуайн “Түмний газар” баримтат кино бас хаагдсан. Энэтхэгт Монголын төлөөлөгчид айлчлах үеэр Д.Жигжид гуай хамт явж энэ киног хийсэн юм билээ. Тэгэхдээ Энэтхэгийн байшин барилга гоё сайхан зүйлсийнх нь зургийг авсан байгаа юм. Гэтэл капиталист орны гоё сайхныг зориуд сурталчилсан гэж буруутгасан юм билээ. Энэ киноны тогтоолыг ч хүчингүй болгуулах талаар ярьж байна.
 
Ер нь Монголын киноны түүхэнд олон киног устгасан, заримыг нь ийнхүү хаасан  байдаг. 1937 оны хэлмэгдүүлэлт, 1964 оны Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажавын хэрэгт холбогдож байсан бүх хүмүүсийн материалуудыг устгуулсан юм билээ. Хамгийн сүүлд 1985 онд улс төрийн товчооны гишүүн байсан С.Жалан-Аажавтай холбоотой бүх зургуудыг устгаж байхыг би харж байлаа.
 
-35 мм-ийн хальсаар хийгдсэн киног жинхэнэ киноны түүх болон үлдэнэ гэдэг. Гэхдээ орчин цагийн техник технологит тохируулан өөрчилсөн байх аа?
 
-120 жилийн өмнө дэлхийн хамгийн анхны киног Францын ах дүү Люмер киноны зургийг 35 мм-ийн хальсан дээр авсан байдаг. Тэр зураг одоо ч шинэ, сайнаараа байна. Яагаад гэвэл киноны хальс мөнгөний түрхэц ихтэй. Нэг мерт хальс нэг доллар 50 центийн үнэтэй. Гэтэл нэг метр хальс нэг секундэд өнгөрдөг. Нэг кино хийхэд 10 мянган метр хальс хэрэгтэй болдог учир өндөр өртөгтэй. Тиймээс 35 мм-ийн хальсан дээр хийгдсэн 60 гаруй киног орчин цагийн техникт тохируулан дуу бичлэгийн өндөр түвшинд HD форматтай болгосон.
 
1935 оноос хойших Монгол Улсын түүх тэр чигтээ кино хальсан дээр бичигдээстэй, хадгалаастай байна. Наадамд түрүүлсэн бөх, морь, нам засгийн төлөөлөгч, гадаад дотоодын зочид гээд бүх үйл явдлыг мэргэжлийн өндөр төвшинд дөнгөж саяхан бичсэн мэтээр үзэж болно гэсэн үг.
 
-Монголын кино урлагийн 80 жилийн түүхээр аялахад сонин содон зүйлс  олон байсан биз?
 
-Кинонд жүжигчид л гардаг болохоос түүнийг бүтээхэд 65 мэргэжлийн хүн оролцдог гэдгийг хүмүүс мэддэггүй. Тиймээс арын албанд ажилласан тэр мундаг хүмүүсийн хө­дөл­мөрийг төр засаг үнэлж шагнасанд баярлаж байгаа.
 
Кино бол нэг талдаа зэрлэг урлаг. Кинонд оролцох бүх хүнийг, бүр жижигхэн дүр бүтээх байсан ч гурван сар ажлаас нь цалинтай чөлөөлж, зураг авалтын талбайд байнга бэлтгэлтэй байлгадаг байсан. Нэг сонин түүх ярья л даа. “Төгсгөл” киноны жижиг дүрд нэг бүсгүй тоглохоор болж 3-4 сар ажлаасаа чөлөөлөгдөн, гэрээсээ хол кино зургийн газарт байж дээ. Зураг авалтад 2-3 хэсэгт үзэгдээд өнгөрч. Гэтэл Москвад очоод эвлүүлэг хийхдээ тэр хэсгүүдийг нь хасчихаж. Гэтэл нөхөртөө, ах дүү, найз нөхдөдөө хэлчихсэн, ажлаасаа чөлөө авч явсан бүсгүй кино нь гарахад дүр нь дэлгэцэнд харагдахгүй болохоор  эвгүй байдалд орно биз дээ. Энэ түүхийг манай киноныхон их ярьдаг юм.
 
-Баримтат киног баяр наадам онцгой үйл явдал болгонд хийдэг байсан гэдэг. Тэр арвин архивын сонин сайхнаас хуваалцаач?
 
-1984 онд Ким Ир Сен манайд айлчилсан юм. Тэр хүн онгоцоор явдаггүй, зөвхөн галт тэргээр зорчдог. Москвагаас галт тэргээр наашаа явах зам дахь  хотуудын дарга нар угтаж авна, монголчууд ч Сэлэнгийн хил дээрээс угтан авч байсан. Их тэнгэрийн аманд гадаадын зочдыг хүлээн авдаг хоёр давхар байшин бий. Тэр байшинд Ким Ир Сен ирэхэд зориулж хойд со­лон­госчууд лифт тавьж байсан. Одоо ч тэр байшин бий.
 
Ким Ир Сенийг Ж.Батмөнх дарга угтаж аваад Сүхбаатарын одонгоор шагнаад хөл хөөртэй хүлээн авчээ. Гэтэл Ким Ир Сен дарга нэг хүсэлт тавьсан байгаа юм. “Би 1953 онд Монголд ирсэн. Тэгэхэд надад цэцэг өгсөн охин, надад үйлчилж байсан жолооч хоёртой уулзмаар байна” гэжээ. Гэтэл 30 жилийн өмнөх хүмүүсийг дотоод яам, тагнуул архиваа ухаад олдоггүй. Тэгээд айлчлалын тухай киноноос олсон юм. Цэцэг өгсөн охин Хайлаастын нэг сургуулийн багш болчихсон. Жолооч нь нас барсан учир хүүхдийг нь аваачиж уулзуулсан. Ким Ир Сен тэр хоёрт өөрийнхөө гарын үсэгтэй цэвэр алтан цаг бэлэглэсэн. Тэр цаг нь одоогийнхоор 70-80 сая төгрөгтэй тэнцэхээр үнэтэй байсан гэдэг.
 
Энэ нь зүгээр нэг тэдэнтэй уулзах хүсэл бус биднийг түүхээ мэддэг юм уу, хадгалдаг юм уу гэдгийг шалгасан юм шиг байгаа юм. Баримтат кино гэдэг ийм гайхалтай. Баримтат кинонд ороогүй үйл явдал гэж үгүй дээ. Монголд нийгэм солигдож улс орон ид бужигнаж байх үе буюу хүн болгон гахай үүрч наймаа хийж байсан үеийн зураг л харин байдаггүй. Энэ үед кино урлаг зогссон байсан. Харин ардчиллын анхны зургаас эхлээд дэлгүүр хоосорсон, хоосон лангууны зургийг би авч байсан юм. 
 
-“Монгол кино” нэгтгэл одоо ямар уран бүтээл хийж байна вэ?

 

 
-Монгол Улс зах зээлд шилжих үед 127 үйлдвэр хаагдсан байдаг. Харин ганц Кино үйлдвэр үлдсэн. Ядуу байгууллага учир хүмүүс тоосонгүй, юу ч үгүй болж, үйл ажиллагаа нь ч зогссон тэр үед.
 

 

Харин одоо Монгол кино нэгтгэл үйл ажил­лагаа нь хэвийн болж монгол киноны хувцас, жижиг хэрэглэлээ түрээслэдэг. Мөн манай гурван том павилонд кино, клип, телевизийн нэвтрүүлгийн зургийг цаг, цагаар нь захиалаад авч байна. Манайх өөрсдөө баримтат кино хийдэг. Хамгийн сүүлд Б.Догмидын зохиолоор 2013 онд “Чонын дурлал” уран сайхны кино хийсэн. Айлын жингэрт дурлаж байгаа чонын тухай кино юм.
 
Энэ киногоо олон улсын киноны фестивалиудад явуулахад жижиг сажиг шагнал авчирч байна. Одоо “Талын зам 505” гэдэг кино хийж байна. Бидний зорилго бол түүхэн хэмжээний том кино хийж, арилжааны киног залуус хийг гэсэн бодлоготой байна. Өнөөдөр жилд 40 уран сайхны кино шинээр гарч байна. 4-5 кино театр нээгдэж, хүмүүс кино сайн үздэг болж.
 
-Та өөрийн уран бүтээ­лүүдээсээ сонирхуулаач?
 
-Би 1985 онд сургуулиа төгсч ирээд Кино үйлдвэрт ажилд орсноос хойш өнөөдрийг хүртэл эндээ л байна даа. 1993 онд Кино үйлдвэрийнхэн чө­лөөт уран бүтээлчид болон хөөгдсөн. Хоёр жил ганзагын наймаанд явж байгаад эргээд хүрээд ирсэн. Энэ 30 жилийн хугацаанд 40 гаруй баримтат кино, 7-8 уран сайхны кино, 50-60 телевизийн нэвтрүүлэг хийсэн байна лээ. Хамгийн сүүлд ардчилсан хувьсгалын тухай “Найм хагас” гэдэг кино хийсэн. Би түүхэн сэдэвтэй кинонд дуртай. Одоогийн хүүхдүүдэд “Тунгалаг тамир”, “Дайн ба энх” номуудыг уншихгүй юмаа гэхэд киног нь үзэх хэрэгтэй гэж захидаг юм.
 
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин