sonin.mn

Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл”-ийн Удирдах хорооны хурал энэ сарын 28-нд “Улаабнаатар” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Төслийн удирдах хорооны хурлыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг хариуцагч Ю.Идэрцогт даргалсан бөгөөд Бээжин дэх Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хөгжил хамтын ажиллагааны хэлтсийн  дарга  Ларс Гронвалд болон бусад яам, донор байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын мэргэжлийн  боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 2014 оны долдугаар сараас эхэлж хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд эхнийх нь салбарын түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой. Харин хоёр дахь шатных нь 2015 оны долдугаар сараас мал аж ахуй, хүнсний ногоо, сүлжмэлийн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын шилдэг туршлагуудыг судалж, түгээн дэлгэрүүлэх зорилготой эхэлсэн билээ.

Уг төсөл нь нийт 7,0 сая ам.долларын санхүүжилтээр таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд  ХБНГУ-ын “GOPA Консалтинг” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны хамтарсан консорциум болон “Жи Эф Эй” зөвлөх компани хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд хүн амын ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд ажил олгогчийн эрэлтэд нийцсэн ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэж буй мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын удирдлагын чадавхийг бэхжүүлэх, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо болон чанарын баталгаажуулалтын системийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.

Мөн хөдөө орон нутгийн эдийн засаг болон ард иргэдийн амьдралын нөхцөл, байдлыг дээшлүүлэх бизнес, аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах юм. Тиймээс мал аж ахуй, хүнсний ногоо, сүлжмэлийн чиглэлийн шилдэг туршлагуудыг түгээн дэлгэрүүлж, бодит үр өгөөжийг нэмэгдүүлнэ хэмээн тооцож буй юм байна.

Удирдах хорооны энэ удаагийн хурлаар төслийн үйл ажиллагааны тайлан болон 2016 оны төлөвлөгөөг хэлэлцээд төслийн бодит үр дүн өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг төслийн багийнханд зөвлөлөө.