sonin.mn

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар  өчигдөр 35 шүүх шинээр байгуулах  шийдвэр гарсан. Энэ асуудлаар шүүхийнхэн болон олон нийт ч маргаж эхэллээ.

Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос  байр суурийг нь лавлаж, тодруулав.

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр одоогийн шүүхүүдийг салгаж, дээр нь нэмж 35 шүүх байгуулахаар боллоо. Шүүхийн шинэчлэл ухарлаа гэж зарим нь шүүмжилж байна. ШЕЗ үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өчигдөр Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуультай холбоотой эцсийн шийдвэр гаргалаа. Хэрвээ Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүрээд, боломж байдаг бол Үндсэн хуулийн цэцийн хүсээд байгаа шүүх байгуулахад татгалзах зүйлгүй. Нэг л хэцүүхэн асуудал гарна. Аливаа шийдвэр, хуулийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гаргахаас аргагүй болсон цаг үед энэ асуудал таарлаа. Тиймээс эрх зүйн асуудал, аливаа зохицуулалтад эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан шийдвэр гаргах хэрэгтэй. Олон шүүхийг дагнан байгуулах эдийн засгийн боломж Монгол Улсад байхгүй гэж бид харж байна. 

- Цэцийн шийдвэр эцсийнх гэж та хэллээ. Тэгэхээр танайхан шийдвэрийн дагуу шүүхийн бүтцээ өөрчилж л таарна биз дээ? 

- Шүүхээ хэрхэн байгуулах вэ? гэдэг нь Монгол төрийн шийдэх асуудал. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол эцсийнх байдаг нь үнэн. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид зургаан сарын нэгнээс өмнө санал хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу л ажиллаж таарна. Төсөвгүй ч Төрийн шийдвэрийг дагалгүй яалтай билээ. 

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг