sonin.mn
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАХН-ын гишүүн Х.Батболдыг урьсан юм. Тэрээр Ховд аймгийн Манхан суманд багийн Засаг даргаас сумын Засаг дарга, Хотын захирагч, аймгийн ИТХ-ын дарга хүртэл хариуцлагатай алба, ажлыг хашиж байжээ
 
 
-Ховд аймгийнхан таныг “Манай бүтээг­дэ­хүүн, төрд бэлтгэгдсэн залуу­сын нэг” гэлцдэг юм билээ. Харин та нутгийнхаа хөгжил, ховдчуудын тухай ямар бодолтой явдаг вэ?
 
-Төрж өсөж, ажиллаж, амьдарч байгаа Ховд нутаг маань олон үндэстэн ястны өлгий, ард түмэн  нь эв найрамдалтай, ажилсаг хөдөлмөрчөөрөө гайхагддаг. Нийт 90 шахам мянган хүн ам, 17 сум, 91 багтай.
 
Бараг л сум бүр нь нэг үндэстэн ястны төлөөлөл байдаг өвөрмөц онцлогтой аймаг. Байгалийн нөхцөл дэд бүтцийн хөгжил тийм ч таатай биш, хүндхэн шалгуурт байдаг. Төвөөсөө  алслагдсан дэд бүтцийн хөгжил сул зэрэг бэрхшээл бий.
 
Тухайлбал, тэнд ажиллаж, амьдарч байгаа хүн ямар нэгэн байдлаар хотод ирэх шаардлага гарахад зардал өндөр, сарын цалин нь түүндээ хүрэхгүй учраас бүтэн жилийн орлогынхоо нэлээд хувийг зарцуулна.  Гэтэл төвийн бүсийнхэн өөр. Тэд нэг сарынхаа цалингаар л энэ бэрхшээлийг давчихна. Тэгвэл тэнд амьдарч байгаа өндөр настан, багш, эмч, төрийн албан хаагчдын тэтгэвэр, цалин тэдэнтэй адил байдаг.Нөхцөл байдал ийм байхад ажил, амьдралаа болгоод авч яваа нь олон ястан ард түмний ажилсаг  хөдөлмөрч чанартай нь холбоотой юм.
 
Манай аймгийн брэнд гэвэл олон үндэстэн, ястны маань эв нэгдэл, эвсэг харилцаа л гэж би хэлнэ. Манай аймаг хөгжлийн их том ирээдүйтэй. Хоёр хөршийг холбосон авто зам дайран өнгөрдөг.Тэдэнтэй хамтын ажиллагааны бүх эхлэл тавигдсан. Үүгээр нь  баруун бүсийн хөгжлийн гарц томъёологддог. Ховд хот маань  алсдаа хөгжлийн тулгуур төв,  нийслэл нь болж хөгжих бүрэн боломжтой.
 
-Өөрийн чинь хувьд нутгийнхаа хөгжлийн төлөө  хаанаас ажлынхаа гарааг  эхлэв?
 
-Би 1996 онд Ховд их сургуулийг түүхийн багш мэргэжлээр төгссөн. 1997 оноос төрж өссөн Манхан сумынхаа хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. 2000 оноос тухайн  үеийн залуусын жишгээр улс төрд идэвхтэй оролцох болсон. Ингээд МАХН-д  гишүүнээр элсч, намын дарга Н.Энхбаяр гуайн гараас батлахаа гардаж авч байлаа. Сумандаа багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2004 оны сонгуулиар сумын Засаг дарга болж, удалгүй 2006 оноос Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга бөгөөд  Ховд хотын захирагчаар ажилласан.
 
Энэ хугацаанд нутгийнхаа хөгжлийн төлөө  хамт олон, журмын нөхөдтэйгөө гар нийлэн зүтгэж эрч хүчтэй ажиллаж байлаа. 2010 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан. Багийн Засаг даргаас аймгийн Иргэдийн хурлын дарга хүртэл сонгогдон ажилласан энэ он жилүүд аймаг, сум, багийн төвшинд бидний зорьж, хийж ирсэн олон ажлыг ард иргэд маань дэмжиж байсны илрэл гэж ойлгодог.
 
-Таны аав, ээж тэндхийн хүмүүс үү. Ямар ажил эрхэлж байв?
 
-Миний аав, ээж  эгэл жирийн малчин байв. Намайг  таван настай байхад аав минь бурхан болсон. Манайхан олуу­лаа. Ээж минь биднийг хүн болгож, өсгөж өндийлгөсөн дөө. Доржпалам гэ­хээр нутгийнхан андахгүй. Эмийн сангийн шил угаагчаас эхлээд  хийгээгүй ажил үгүй. Сумандаа соёл, боловсролын салбарыг хөгжүүлэхэд   их зүтгэсэн. Нэгдлийн номын санг байгуулж анхны эрхлэгчээр ажил­лаж байв. Мөн сумын хүүхдийн  цэцэрлэгийн анхны эрхлэгч. Сумынхаа түүхэнд олон салбарт анхдагчийн үүргийг гүйцэтгэсэн.  Түүний хажуугаар биднийг  боловсролтой, зөв хүн болгохын төлөө их ч зүтгэсэн дээ.
 
Биднийг багад ээж минь  “Хүүх­дийн хүмүүжил” сэтгүүл захиалж, Бор гэдэг эрдэмтний бичсэн зүйлүүдийг байнга уншиж өгнө. Тэгээд “Аав чинь бурхан болсны дараа,  засаг та нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж 256 мянган төгрөг өгч байна. Тэгэхэд би хөлийнхөө судсыг бүдүүртэл шил угаагч хийж зогсоод 220 мянган төгрөгийн цалин авч байна. Төр засаг байхгүй хүний төлөө миний сарын цалингаас илүү мөнгийг өгч байхад, та нар төрийнхөө төлөө үнэнч шударга зүтгэх ёстой” гэж биднийг хар багаас захиж, сургасан даа.
 
Өөрийн амьдрал, замналаар үлгэр дууриал үзүүлж бидэнд амьдралын хат суулгасан. Өнөөдөр миний ах, эгч, дүү нар бүгд их, дээд сургууль төгсөж, нэгээс бусад нь магистрын зэрэг хамгаалж, соёл, боловсролын салбарт ажиллаж байна. Миний ээж миний бахархал төдийгүй, миний хамгийн сайн багш. Одоо нас өндөр болсон ээж минь сумандаа л амьдарч байгаа.
 
-Ховдын залуус нэгэн үе хөгжлийн асуудал, бүтээн байгуулалтад  ихээ­хэн идэвхтэй оролцдог байсан. Тэднийг бэлтгэхэд бас бодлоготой ханддаг гэж дуулсан юм байна?
 
-Намайг нийгмийн амьдралд идэвхтэй орол­цож, улс төрд орж эхлэх үед засаг, захиргааны нэгжид олон жил ажилласан туршлагатай хүмүүс удирддаг байсных уу, бидний залуучуудыг  улс төрд болоод төрийн албанд бэлтгэхэд ихэд анхааралтай ханддаг байсан. Манай сумын засаг дарга байсан Р.Батмөнх гуай бидэнд “Залуучууд сайн ажилла. Олон түмэндээ хамгийн сайн хүрч, шударга зөв ажилласан нь миний ажлыг хү­лээн авч дээшээ дэв­­шиж ажиллана. Та нар гар нийлж ажил­ла. Ардчилал, зөв өрсөлдөөн байх ёстой. Сурч боловсрох хэрэгтэй” гээд бүгдийг нь  дэмждэг мундаг дарга байлаа.
 
Тухайн үед түүний удирдлагад гурван залуу  ажиллаж байсны нэг нь би. Өнөө­дөр эргээд харахад нэг нь аймгийн түвшинд удирдах ажил хийж байна, нөгөө нь сумандаа засаг даргаар ажиллаж байгаа. Эндээс үзэхэд манай суманд удирдах шатанд  бодлого зөв явсных гэж боддог. Манай Манхан сумын хувьд улс, аймаг, сумын бахархал болсон Улсын баатар Ц.Олзвой,хөдөлмөрийн баатар Б.Лувсан гэсэн хоёр баатартай. Сумынхаа иргэдийг ажил хөдөлмөр, төрөө дээдлэх ухаанд  сургасан Б.Лувсан баатрын гавьяа тун их.
 
-Ингэхэд Ховдынхны залуучуудаа сургадаг, бэлддэг тэр том  сургууль одоо  хэвээрээ юу. Өөрчлөгдсөн үү?
 
-Ер нь улс төр идэвх­жиж, түүнийг да­гаад  залуусын оролцоо ч ихээхэн  нэмэгдэж  байна. Маш олон бизнесмэн, түүнчлэн янз бүрийн салбарын залуучууд байгаа нь сайн хэрэг. Толгойтой бүхэн улс төрийг сонирхож байгаа ч нэг алдаатай зүйл нь нөхцөл байдал  сая миний ярьснаас огт өөр болсон. Тухайлбал, залуучуудыг төрийн албанд  бэлтгэдэг байсан бодлого алдагдчихсан.  
 
Хэн дуртай нь, тэр тусмаа залуучууд, намд орохоор дарга болдог, амьдрал дээшилдэг гэсэн ойлголттой болчихож.  Тэгээд том ч, бага ч бай дарга л хийнэ гэсэн бодлоор хандаж байгаа нь харамсалтай.Өнөө цагийн нөхцөл байдлыг харахад ахмад үеэ орхичихсон, үгийг нь сонсохгүй болжээ.
 
Мөнгө төгрөг, эд хөрөнгөөрөө нэгдэж эрх мэдлийг авах гэсэн, амбиц нь ихэдсэн  хэсэг бүлэг хүн улс төр хийж байна.Тэр нь орон нутаг, анхан шатанд гүнзгий нэвтэрч байгаа нь туйлын харамсалтай.  Ийм арга зам мухардалд орох нь орох нь тодорхой.
 
-Тухайлбал?
 
-Тийм хүмүүс нэгдсэнээрээ бодитой зөв шийдвэр гарах магадлал муу. Үүнээс ангижрахын тулд хуу­­­лийн орчныг сайжруулах, хөгжлийн бодлогыг тулгууртай болгох шаардлага бий болж байна. Нөгөө талаас, нийгмийн оюунлаг хэсэг нь улс төрийн халуун тогоо руу идэвхтэй орохгүй  байгаад асуудал байна. Яагаад гэвэл тэр хүмүүс өмнөх ажлаа хийж, ажил амьдралаа авч явж чадаж байгаа учраас  ачааны хүндийг үүрэлцэхгүй байна.
 
-Ямар гарц байна?
 
-Нэг үеэ бодвол залуус энэ бүхнийг ойлгочихлоо шүү дээ. Тэнд өөрөөс нь муу сурдаг байсан, чадвар муутай сул хүмүүс гэнэт дарга болоод ирэхээр гайхаж байна. Тэгээд өөрсдөөс нь илүү бодлого дэвшүүлж чадахгүй унаж байгааг харж байна. Юу гэвэл, оюунлаг хэсэг өөрсдийгөө мэдэрч, улс төрд идэвхтэй оролцох болно. Монголын улс төр үзэх ёстой зовлонгоо үзэж, давах ёстой даваагаа даваад л явж байна.
 
Тэгж байна гээд тайвшрах биш, нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө идэвхтэй,чадвартай хэсгүүдийг гаргаж ирэх, сонгуульд идэвхтэй оролцуулах учиртай. Тэгэхгүй бол боловсон хүчнийг бэлтгэх талд муу байгаагаас аймаг, орон нутгийн   бодлогыг төлөвлөх, урагшлуулах  ажил дутмаг, ингэвэл хэдэн хүнд таалагдана, тэгвэл төдөн хүнээс ийм дэмжлэг авна гэсэн юмаар явж, хөгжил удаашраад байгаа юм. Ер нь бид иргэнээс  гарсан санал засгийн сонорт очдог, эргээд тэр нь дэмжигдвэл ир­гэн нь түүнийг хэрэгжүүлэхийн төлөө явдаг ийм л системийг бий болгох ёстой.
 
-Та Ховд аймгийнхаа залуусын юу бодож, санаж явдгийг сайн мэдэх байх. Тэдэнд хандаж юу хэлэхийг хүсч байна?
 
-Би энэ нутагт өсч, өндийж, ажиллаж, амьдард­гийн хувьд за­луус юу бодож, хүсч, мөрөөдөж явааг  мэдэрдэг. Гайгүй боловсролтой залуус  хотод ихэвчлэн шин­гэчих юм. Улаанбаатарт  15 оюутан очиж суралц­лаа  гэхэд төгсөөд тав нь л нутагтаа очиж байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр ажлын байр, амьжиргааны асуудал байдаг. Нөгөө талаас залуустаа хандаж хэлэ­хэд улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролц.
 
Сонгууль гэдэг  нэр дэвшиж буй хэн нэгэн  хүн, аль нэг намыг сонгож байгаа асуудал биш. Ирээдүйгээ, өөрийгөө сонгож байгаа сонголт гэж ойлгож, хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Улс төрийн амьдралд идэвхтэй оролцоно гэдэг намыг шүтэж бас хуйвалдаанд оролцоод, нөгөө намынхантай муудалцаад явахын нэр биш. Тухайн намыг сонгосон бол хуралд нь оролцож, үзэл бодлоо уралдуулж, хөгжлийн бодлогод саналаа нэмэрлэж, зөв гарц, зөв бодлого, зөв саналаар уралдах  юм. Өнөөдөр улс төр хоёр хүүхэд хоорондоо тоглоом булаацалдахтай адил л юм болж байх шиг. Энэ биш бодлогын уралдаан байх ёстой.  
 
Тархиныхаа хэмжээгээр сэтгэж, сурсан мэдсэнээ харуулах  том талбар шүү дээ. Залууст их сургууль төгсөж мэр­гэжил эзэмших мөрөөдөл нь биелсэн ч ажил хийж орлого олох боломж байхгүй байна. Нийгэмд улс төр л бүхний анхаарлын төвд байна. Уг нь шашин, соёл, урлаг, спорт л байх ёстой мэт. “Би улс төрөөс хол ажиллаж, амьдарна  шүү” гэж  бодоод ч нэмэргүй болчихсон байна шүү дээ.    
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин