sonin.mn

2016 оны сонгуулийн үйл ажиллагааны талаар Сонгуулийн Ерөнхий хорооны /СЕХ/ удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг ирэх 6 дугаар сарын 29-ний лхагва гарагт товлосон. Сонгуулын санал авах өдрийг тогтоосноор хуульд заасан бусад үйл ажиллагааг явуулах хугацааг товлож, төлөвлөгөөгөө гаргах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн үйл ажиллагаа бүрэн эхэлж байна гэсэн үг.

Ингээд СЕХ-ноос танилцуулж буй Сонгууль зохион байгуулах хуваарийг танилцуулж байна. 

Нэгдүгээр сар: Сонгуулийн санал авах өдөр, тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоож, сонгуульд ашиглах техник хэрэгслийг санал авах өдрөөс 150-аад доошгүй хоногийн өмнө батлахаар хуульчилсан. Энэ дагуу УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналыг дээр дурдсанчлан зургадугаар сарын 29-ний лхагва гарагт, гадаадад байгаа иргэдийн саналыг тухайн сарын 17, 18, 19-нд авна. Тойргийн мандатын тухайд 2012 оны сонгуулийн жишгээр буюу аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож УИХ-ын сонгуулийн нийт 26 тойрог, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс гадна 2016 оны сонгуулийг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар санал тоологч автомат төхөөрөмж болох “New Image Cast” төхөөрөмжийг ашиглан явуулахаар болов. 

Хоёрдугаар сар: Сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулах шаардлагатай. Энэ дагуу гуравдугаар сарын 1-нээс өмнө сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. 

Гуравдугаар сар: Сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийн мэдээллийг тухайн сарын 5-наас өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжид хүргүүлнэ. Улмаар 10-наас өмнө тухайн мэдээллийг нэгтгэн УБСЕГ-т хүргүүлэх үүрэгтэй. 
Мөн гуравдугаар сард нам, эвслээс нэг дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын хэмжээг тогтооно. Өмнө нь сонгуулийн зардлын дээд хэмжээг СЕХ-аас тогтоодог байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар үүнийг тогтоох болсон.  
Үүнээс гадна энэ сард сонгогчдын нэрсийн жагсаалтыг бэлэн болгож цахим хуудаст нийтлэх, сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байршуулах байршлыг сум, дүүргийн ИТХ-аас тогтооно. 

Дөрөвдүгээр сар: Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлах хуультай. Энэ дагуу аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна.
Мөн гадаадад байгаа иргэдийн саналыг авах төв комиссыг байгуулж, уг комисс нь Дипломат төлөөлөгчийн газруудад салбар комисс байгуулах юм. 

Тавдугаар сар: Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Нам, эвслүүд УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, холбогдох баримт бичгийг тавдугаар 5-9-нд, бие даагчид 5-11-нд багтаан СЕХ-нд ирүүлэх юм. СЕХ баримт бичгийг хянан магадлаж, тухайн сарын сүүлээр нэр дэвшигчдийг бүртгэхээр төлөвлөжээ. 

Зургадугаар сар: Өмнө нь тойргийн хороо нэр дэвшигчдийг бүртгэж үнэмлэх олгодог байсан. Харин хуульд өөрчлөлт орсноор УИХ-д нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж, нийт нэр дэвшигчид санал авах өдрөөс 22 хоногийн өмнө СЕХ-ноос нэгэн зэрэг үнэмлэхээ гардаж авах болсон. Энэ өдөр зургадугаар сарын 7-нд таарч байгаа юм. 
Мөн энэ сард сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Өмнөх сонгуулийн жишгээр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан өдрөөс сурталчилгаагаа эхлүүлдэг байсан бол энэ удаад санал авах өдрөөс 18 хоногийн өмнө зургадугаар сарын 11-нд эхлүүлэхээр хуульчилсан. 

Санал авах ажиллагаа зургадугаар сарын 17,18,19-ний /07.00-22.00 цаг/ гадаад дахь иргэдийн саналыг авснаар эхэлнэ. Үүний дараа 28-ний мягмар гарагт санал авах байранд биечлэн ирэх боломжгүй өндөр настай, хүнд өвчтэй болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэдээс 09.00-22.00 цаг хүртэл зөөврийн хайрцгаар санал авна. Ингээд 29-ний лхагва гарагт УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн санал авах ажил 07.00 цагаас эхэлж, 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Өмнөх сонгуулиар 07-20 цаг хүртэл үргэлжилдэг байсан бол энэ удаад хоёр цагаар уртасч байгаа. Сонгогчдын ирц, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор энэ өдөр бүх нийтээр амардаг уламжлалтай.   

Санал хураалт дуусмагц СЕХ-ны байранд гадаад дахь иргэдийн саналыг тоолох ажил эхэлж, аймаг, дүүргийн сонгуулийн хороодоос дүн мэдээг цуглуулан, 00.00 цаг гэхэд 2016 оны сонгуулийн урьдчилсан дүнг гаргана гэж төлөвлөжээ. Улмаар СЕХ 15 хоногийн дотор нам, эвслийн авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээллэх үүрэгтэй. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг 5 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээллэх юм.

Ингээд сонгуулийн зардлыг тайлагнан, холбогдох байгууллагуудад хянуулах ажил өрнөж, 11 дүгээр сарын 29-нд Төрийн аудитын байгууллага зардлын дүнг нийтэд мэдээлснээр сонгуулийн үйл ажиллагаа дуусгавар болох юм. Мөн сонгуулийн үйл ажиллагааны зардал улсын төсвөөс нийт 16.5 тэрбум төгрөг төсөвлөснийг СЕХ 2017 оны нэгдүгээр улиралд багтаан Аудитын байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргуулах үүрэгтэй. 

Дашрамд дурдахад УИХ-ын сонгуульд 550 орчим, аймаг, нийслэлийн ИТХ-д 2000 орчим нэр дэвшигч өрсөлдөх урьдчилсан тооцоолол гарчээ. 

 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг