sonin.mn

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан дахин сэргээн тоглох гэж байгаа нэрт найруулагч, УГЗ Л.Эрдэнэбулганы бүтээл "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбар худалдаанд гарлаа.

Эл бүтээлд  VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх юм.

Зохиолыг зохиолч Б.Цогнэмэх, хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичжээ.
Дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул болон дуучид, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, бүжигчид оролцон тоглох юм.

Энэхүү бүтээл  энэ сарын 19, 20-нд  Улаанбаатар чуулгын тайзнаа үзэгчдийн  хүртээл болно.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг