sonin.mn

ПАРИС. /RIA Novosti/. Нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл хууль тогтоолын санаачилгад хориг тавих боломжийг Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын 55 хувьд нь олгох баримт бичгийн төслийг Их Британи болон тус холбоо зөвшилцжээ. Энэ тухай Ройтерс агентлаг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд ойр эх сурвалжийн мэдээллийг иш татан мягмар гарагт шилжих шөнө уламжилжээ.

ЕХ-нд шинэчлэл хийхийг шаардаж байгаа Их Британийн эрх баригчидтай тохиролцоонд хүрэхийг Европын зөвлөлийн тэргүүн мягмар гарагт санал болгох төлөвтэй байна. ЕХ-н дахь гишүүнчлэлийнх нь талаар бүх нийтийн санал асуулга явуулахын өмнө тус холбоонд шинэчлэл хийхийг Их Британийн эрх баригчид шаардаж байгаа юм. 

Их Британийн гишүүнчлэлийн нөхцөлийг өөрчлөх асуудлаар ЕХ-той хийж буй хэлэлцээний хүрээнд Кэмерон өрсөлдөх чадвар, бүрэн эрхт байдал, нийгмийн бодлого болон эдийн засгийн удирдлага гэсэн дөрвөн салбарт шаардлага тавьжээ.

ЕХ-ны хувьд Их Британийн тавьсан шаардлагуудаас зөвшөөрөхөд хамгийн хэцүү шаардлага бол тус холбооны гишүүн бусад орноос ирсэн цагаачдад ирснээс нь хойших эхний дөрвөн жилд нийгмийн тэтгэмж олгохгүй байх эрх олгох шаардлага юм.

ЕХ одоо хэвлэлүүдэд “яаралтай тоормослох” гэж нэрлэсэн системийг боловсруулж байна. Хэрэв энэ нь цагаачдад тэтгэмж олгох нь нийгмийн тогтолцоонд  онцгой ачаалал өгч байгаа гэдгийг үндэслэлтэй болгож чадвал гишүүн бусад орноос ирсэн цагаачдад нийгмийн тэтгэмж олгохыг хязгаарлах боломжийг ЕХ-ны гишүүн ямар ч оронд олгох юм. Талууд эцсийн байр сууриа хоёрдугаар сарын 18 гэхэд буюу ЕХ-ны дээд хэмжээний уулзалт гэхэд зайлшгүй зөвшилцөх ёстой байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг