sonin.mn

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ Шадар сайд Ц.Оюунбаатартай холбоотой зарим зүйлийг ярьсан.

Тухайлбал Авлигатай тэмцэх газарт Г.Шийлэгдамбатай уулзахаар очих үедээ Шадар сайд албан тушаалаа татгалзах тухай урьдчилж бичиж бэлтгэсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан, сайдын албан тушаалаа өгөхийг ятгаж шаардсан гэх агуулгатай зүйл ярьсан юм. Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатарааас зарим зүйлийг тодрууллаа.

-Г.Шийлэгдамба таныг бэлтгэсэн бичигт гарын үсэг зуруулснаас болж албан тушаалаа өгсөн гэх зүйл ярьж байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би ямар ч цаас, бланкин дээр гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа, боломж ч байхгүй. АТГ-т байцаагдах гээд ирэх үед нь би Г.Шийлэгдамбатай уулзаж, ажил төрлийнх нь асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайд мөн санал тавьж байсан учир уулзсан юм. Энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал бол үүнээс хойшхи зүйл.

-Намын хандивын асуудал мөн хөндөгдөөд байгаа. МАХН-д хандив цуглуулах шаардлагатай хэдэн албан тушаалтан байдаг юм бэ?

-Аль нэгэн намын улс төрийн санхүүжилтын тухай би өнөөдөр ярихгүй. Би санхүү хариуцсан хүн биш. Санхүү мөнгөний асуудалд хэзээ ч хаана ч оролцож байгаагүй. Тийм учраас энэ талаар надад мэдээлэл байхгүй.

-Та хандив цуглуулдаг уу?

-Би өөрийнхөө цалингаар амьдардаг. Энэ дүрэм, журмаа сахиж би 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хэн нэгэн хүнээс тусламж гуйж явсангүй, хэн нэгэн хүнд элдэв зүйл өгч явсангүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр хандив цуглуулахыг шаарддаг гэсэн мэдээлэл гарсан?

-Хэн нэгэн хүн надад тийм зүйл тулгаж байгаагүй. Би хуульч хүн, хуулиа сахидаг, хуулийнхаа хүрээнд ажиллаж байна.

-Н.Энхбаярыг Шадар сайд болно гэсэн яриа байгаа. Энэ талаар Засгийн газарт ярьсан зүйл бий юу?

-Үүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуусан нь зөв болов уу.

 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг