sonin.mn

2015 онд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд гадаадын 9 улстай хамтарсан 29 төслийг 15 аймгийн 33 сумын нутагт судалгаа явуулсан талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Төслийн хүрээнд 100 орчим дурсгалыг малтан судлаж, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг шинээр илрүүлжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух ба алт мөнгөний дархны бүрэн хэрэгслийг Монголд анх удаа нээжээ. Мөн урьд өмнө судлагдаагүй байсан эртний сяньби нарын бүтэн оршуулгын газрыг Баян-Өлгий аймгийн нутагт малтсан байна. Хүннүгийн шавар ваар савны урлагийн шинэ олдворуудыг Тамирын Улаан хошууны булшнаас илрүүлсний дотор Дундад Азиас гаралтай шавар савнууд байгаа нь Төв Азийн эртний соёл иргэншлийн хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримт болж буйг судлаачид онцлов.

Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд  55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавьж буй автозамын трассын дагууд хайгуулын ажлыг 8 аймгийн 20 сумын нутагт гүйцэтгэж 2600 орчим дурсгал шинээр илрүүлсэн байна. Мөн Усан цахилгаан станц барих талбай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд буй 270 дурсгалыг малтан шинжилжээ.

Мөн хурлын үеэр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 4, 5-нд зохион байгуулах гэж буйг дуулгав.

Энэ удаагийн хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс гадна МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим, Монголын Үндэсний музей, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв гэсэн 6 байгууллагын 70 орчим судлаач, гадаадын 50 гаруй эрдэмтдийн оролцсон 49 илтгэл хэлэлцүүлэх аж.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг