sonin.mn
-Монгол Улсын хил тайван уу?
 
-Хил тайван байна.
 
Энэ бол хилчдийн эхний рапорт. Хил амгалан байж гэмээн өнөөдөр Монгол Улсын 3.065.822 /Бүртгэл, статистикийн газар. 2016.2.3 14:00 цагийн байдлаар/ иргэн эх орныхоо хөх тэнгэрийг дураар ширтэж, цэлмэг агаараар нь цээж дүүрэн амьсгалж уужим тал ну­таг­таа энх тайван амьдардаг юм.
 
Монгол нутагт байгуулагдсан нүүдэлчдийн анхны төрт Хүннү улсын нутаг дэвсгэрийн өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умард зүг Байгаль нуур, баруун зүг Ил тарвагатай, дорно зүг Солонгос хүртэл уудам их нутгийг эзлэн оршин тогтнож  байсан түүхтэй. Гэвч он удаан жилийн дайн дажин болж хилийн байдал хувьсан өөрчлөгдөж ирсэн. Харин 1921 оны хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнох эхлэлээ тавьж, өнөөгийн халх, дөрвөд, баяд, өөлд, буриад зэрэг олон ястан тархан буй нутгийн хилийн дээс баталгаажих үндэс болсон билээ. Монгол хэмээн тодотгох 8252 км үргэлжлэх хилийн дээсийн бүрэн бүтэн байдлыг хилчин эрс 80 гаруй жилийн түүхэнд хамгаалсаар ирсэн байдаг. Тэр дундаа хил орчмын хамгийн чухал хэсэг бол хилийн боомт юм.
 
Монгол Улс 26 хилийн боомттой. Эдгээр хилийн боомтын гол үүргийг хил хамгаалах байгууллага саяхныг хүртэл гүйцэтгэж байлаа. Тодруулбал, хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх онцгой хийгээд чухал үүрэг тэднийх байв. Харин 2014 онд УИХ-аас Хилийн боомтын тухай хууль батлагдан гарснаар хилийн цэргийнхний үүрэг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжсэн.
 
Тухайн үед хууль санаачлагчид шинэ хуулийг оруулж ирэхдээ  гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах зорилготой гэдгийг онцолж байв.
 
Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр тун удахгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ хууль төрөөс иргэндээ зүгээр нэг мөнгө өгөх, авах тухай биш тусгаар тогтнолт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах үүрэгтэй гол хуулиудын нэг. Тиймээс хуулийн хэрэгжилт, үр нөлөө ямар байгааг эргэж харъя.
 
200 ГАРУЙ АЖИЛТНЫ ХУВЬ ЗАЯАГ ЯАХ ВЭ?
 
1993 онд батлагдсан Хилийн тухай хуулийн гол заалтууд шинэ хуульд шингэж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнууд шалган нэвтрүүлэх, хилийн цэргийнхэн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээхээр болсон. Энэ хүрээнд боомтын шалган нэвтрүүлэх үүргийг гүйцэтгэж байсан хилийн цэргийн 200 гаруй офицер, ахлагчийг Иргэний харьяалал, шилжилт хөдөл­гөөний ерөнхий газарт шилжүүлжээ. Уг нь шинэ хуулиар албан хаагчийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуу­лахад зайлшгүй шаард­лагатай дэд бүтэц, барилга байгууламжийг төрөөс даахаар болсон. Гэвч хилийн боомтууд дээр энэ байдал ажил хэрэг болж чадахгүй, иргэний харьяалалд шилжсэн хилийн цэргийнхний амьдрах, ажиллах орчин эрс мууджээ.
 
За яахав, 200 хүний л асуудал гээд орхиж болох. Гэвч үүний цаана бүхэл бүтэн улсын боомтын аюулгүй байдлын тухай асуудал хөндөгдөж эхэллээ.
 
Дээр өгүүлснээр Хилийн боомтын тухай хууль нь боомтын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх үүрэг биеллээ олсон уу гэдэг чухал асуулт яалт ч үгүй гарч ирж байгаа юм. Энэ нь энгийнээр бол хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаас гадна хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхээс таслан зогсоох ажиллагаа юм. Харамсалтай нь энэ чухал үүрэг хилийн боомтууд дээр тэг заасныг албаны олон эх сурвалж хэлж, анхааруулах боллоо. Боомтууд дээрх шалган нэвтрүүлэх ажилтнуудын 80 хувь нь эмэгтэйчүүд байна.
 
ШАЛГАЛТ СУЛАРСНААР АШИГ ХОНЖОО ХАЙГЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА
 
Хил зөрчигчдийн арга өдрөөс өдөрт нарийсч, хориглосон эд зүйлсээ хүний санаанд оромгүй байдлаар нууж хилээр нэвтрэхийг зорьдог. Гэтэл тэдгээрийг эмэгтэйчүүд илрүүлэх битгий хэл шал­галтгүйгээр хил нэвт­рүүлдэг болсныг албаны эх сурвалж хэлж байна. Ер нь эмэгтэйчүүд олон арван тонны ачаатай авто­машиныг хэрхэн шалгах билээ. Өндөр, өндөр ачаатай том автомашинд авирахаас эхлээд ачаа, бараа задлах, шалгах нь тэдний барах ажил биш. Угтаа энэ ажил мэргэжлийн арга барил шаарддаг. Улсын хилийн аюулгүй байдлыг хангахын тулд өмнө нь хилийн цэргийн бэлтгэгдсэн за­луус шалгалтыг явуулж, томоохон зөрчлийг газар дээр нь таслан зогсоодог байлаа. Гэвч одоо энэ ажил цалгардаж, шалгалтгүйгээр хил нэвтрүүлдэг болсныг захын тээвэрчин хэлж байна.
 
Үүнээс болж ан амьтны эд эрхтэн, байгаль, түүх соёлын үнэт дурсгалуудыг хил давуулахыг мэдэх бо­ломжгүй болжээ. Ашиг хонжоо хайгчид ч энэ байдлыг ашиглаж, хилийн боомт орчимд хууль бус бүлэглэлүүд үүсгэчихэж. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэдэг зам энэ төрлийн хэргийн гол урсгал болоод байгаа аж. 40 тонны даацтай авто­машиныг өргөтгөж 100-120 тонн болгон нүүрс ачихдаа дунд нь хөлдөөсөн чоно­ноос эхлээд хэдэн тонн самар ачаад л хил нэвтэрдэг болсон байна. Ийм маягаар Монголын хэр хэмжээний баялаг гадагшаа урсаж байгааг хэн мэдлээ.
 
Түүнээс гадна хилийн боомтууд дээрх ачаалал хэтэрч, Алтанбулагийн боомт дээр л гэхэд 700 гаруй авто­машин дугаарлаж хо­нох болж. Хангийн боомт дээр 300 гаруй машин дугаараа хүлээсээр хэд хонож байгааг жолооч, тээвэрчид бухимдан ярьж байна. Ачаалал, дараалал ихэссэнээс иргэд, жо­лооч нарын дунд эмх зам­ба­раагүй байдал бий болох эрс­дэл байгааг тэд хэлнэ лээ.
 
 
НЭГ БООМТ ДЭЭР 33 УДААГИЙН БИЧИГ, БАРИМТЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
 
Хилийн шалган нэвтрүүлэх дээр үүссэн асуудал зөвхөн энэ биш. Монгол Улсаас гарсан гадаад, дотоодын иргэд гадны хил дээр олноор саатуулагдах болжээ. Шалган нэвтрүүлэхийн ажилтнууд иргэдийг хил нэвтрэхэд бичиг баримтыг нь нарийн шалгаж тамга дарах ёстой. Гэвч ачаалал, мэргэжлийн бус байдлаас болж иргэдийн бичиг баримтад тамга тэмдэг дутуу дарах тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Замын-Үүдийн боомтоор штамп даруулаагүй гарсан 15 иргэн БНХАУ-ын хил дээр саатуулагдаж, торгуул хүлээсэн явдал гарчээ. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэн хоёр жилийн хугацаанд нэг боомт дээр л гэхэд 33 удаагийн зөрчил илэрч, хөрш улсын хилийн цэргийн байгууллагаас анхааруулсан удаатай гэнэ.
 
Манай улс БНХАУ-тай Засгийн газар хоорондын гэрээтэй. Уг гэрээгээр улсын хилийн төлөөлөгчийн аппарат нь хилийн зөрчил, бичиг баримтгүй иргэд, хязгаарлаж, хориглосон эд зүйлийг илрүүлбэл хүлээлцэх, протокол актыг хөтлөх эрхзүйн зори­цуу­лалттай. Уг гэрээгээр бол өмнөд хөрштэй хил­лэдэг боомтууд дээр гарсан зөрчлийн талаар Хятадын хил хамгаалах байгууллага манай улсын хил хамгаалах байгууллагад ханддаг ч хүлээж авах бо­ломжгүй, Иргэний харьяалал, шил­жилт хөдөл­гөөний ерөнхий газарт хандахыг зөв­лөдөг аж. Гэвч Засгийн газар хоорондын эрхзүйн асуудал хэмээн хүлээж авдаггүй байна.
 
Бичиг баримтын зөр­чил ийм байдлаар сүүлийн хоёр жилд гаарсан гэж байна. Зөвхөн Замын-Үүд ч биш, Алтанбулаг, Буянт-Ухаа боомтод ч байдал ийм байгаа ажээ. 
 
ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТАЛЪЯ
 
Тэгвэл энэ бүх асуудлыг  учир мэдэх хүмүүс Хилийн боомтын тухай хуультай холбон тайл­барлаж байна. “Тус хуулиар “Хилийн шалган нэвтрүүлэх ажил­лагааг мэргэжлийн бус, бэлтгэгдээгүй албанд хуваарилсан. Дэлхийн олон оронд хилийн аюулгүй байдлыг хангах, шалган нэвтрүүлэх ажиллагааг хил хамгаалах байгууллага хариуцдаг. Хилээ иргэний харьяаллын байгууллагад шилжүүлсэн орон  маш цөөн. Тэд өндөр хөгжилтэй, зөвхөн далайгаар хиллэдэг улсууд байдаг. Манай улс тийм хэмжээнд хүрээгүй учир эрсдэлтэй. Ийм байдлаараа цааш үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал үүсч мэдэх юм” гэсэн хүмүүс байна.
 
Ирэх долдугаар сард олон улсын АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр 100 гаруй улсын Төрийн тэргүүн, томоохон улстөрчид Монгол Улсыг зорьж, томоохон хилийн боомтуудын ачаалал одоогийнхоос хэд дахин нэмэгдэнэ. Тэр үед манай улсын хилийн боомтын хүчгүй, чадамжгүй байдлыг ашиглаж олон улсын зартай гэмт хэрэгтэн, террорист этгээдүүд нэвтрэхийг ч үгүйсгэхгүй. Муу амалсандаа биш, өнөөгийн нөхцөл байдал тийм хэмжээнд хүрснийг анхааруулж байна.
 
Тэгвэл Засгийн газраас  Хилийн боомтын тухай хуулийг өнгөрсөн жил эргүүлэн татаж, Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 80 хувийн дэмжлэгтэйгээр анхны хэлэлцүүлэгт шилжүүл­сэн. Нэг үгээр төр алдаагаа засахыг хичээсэн хэрэг.
 
Одоогийн зохицуулал­таар Хилийн боомтын тухай хуулийг Засгийн газраас татаж авснаар боомтынхон Хилийн тухай хуулиар үүрэг гүйцэтгэе гэхэд гол заалтууд нь Хилийн боомтын тухай хуультай Засгийн газар руу “явчихсан”. Ийм нөхцөлд ямар хуулиар хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байгаа юм.
 
Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэн нэгэн дураар хөндөөд байх зүйл биш. Тэр тусмаа улсыг дархалсан хилтэй холбоотой хууль, журамд нухацтай хандах ёстой. Тиймээс төр засгийг Хилийн тухай хуулийг яаралтай батлуулах цаг болжээ.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин