sonin.mn

“Амьдрал хайраар дүүрэн” гэдэг онцгой содон мэдрэмжийг өвөр дээр эрхлэх энхрий бяцхан үрсээс өөр сэтгэлд хоногшуулах зүйл тун ховор. Гэтэл “Бурхан надад үр хүүхэд заяасангүй” гэж харуусах залуу хосын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад мэргэжлийн эмч нар сэтгэл зовинож байна.

Мөн энэ хэрээр гадаадын өндөр хөгжилтэй орнууд руу явж, өндөр зардлаар эмчлүүлэх иргэдийн тоо ч буурахгүй байгааг салбарынхан хэлж байсан. Тиймээс эх орондоо үргүйдлийн асуудлыг цогцоор нь шийдэх  ховорхон боломжийг олгож буй “Баянгол” эмнэлгээс дараах сурвалжлагаа хийсэн юм. Учир нь, тус эмнэлгийн  “Үр шилжүүлэн суулгах төв” өдгөө 100 гаруй хүүхдийг эх барьж аваад байгаа юм. Мөн бидний сайн мэдэх “Баянгол” эмнэлэг оны өмнөхөн нэрээ өөрчилж, “Юнимед интернэшнл” хэмээх олон улсын нэршилтэй болжээ.

“БАЯНГОЛ”-ООР ОВОГЛОСОН  АНХНЫ ИХРҮҮД ГУРВАН НАСТАЙ

Өдгөө дэлхийд дунджаар долоон гэр бүл тутмын нэг нь  үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл үргүйдлийн шалтгааныг эмэгтэйчүүдэд 40 орчим хувь, эрчүүдэд 30 орчим хувь гэж оношилдог бол хосуудын аль алинаас нь 20 хувь нь хамаардаг гэдгийг “Үр шилжүүлэн суулгах төв”-ийн эмч нар хэлж байна. Монголд  үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуруу дарам цөөхөн эмнэлэг байдаг. Түүний нэг нь Баянгол эмнэлэг.

Тус эмнэлгийн “Үр шилжүүлэн суулгах төв”-ийн лаборатори анх 2011 онд байгуулагдаж, Монголд хамгийн анхны хуруу шилний хүүхэд  2012 онд Сэлэнгэ аймагт мэндэлсэн байдаг. Мөн тус эмнэлгээр “овоглосон” анхны хоёр ихэр хүүхэд 2013 онд мэндэлжээ. Одоогоор  тус төвөөс төрсөн хоёр, гурван ихрүүдийн тоо  нэлээд өссөн  гэдгийг эмч нар нь хэлж байв.  Тиймээс тус төвөөр үйлчлүүлэх гэр бүл, залуу хосуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Тус төвд ихэвчлэн үргүйдэлтэй гэр бүл болон үр тогтохгүй, жирэмслэхгүй байгаа хосууд  ханддаг гэж байв. 

ҮРГҮЙДЛИЙГ ЭМЧЛЭЭД 10 ГАРУЙ ЖИЛ БОЛЖЭЭ

Орчин үед дэлхийн анагаах ухаанд үргүйдлийг эмчлэх олон аргыг хэрэглэж байгаа ч  тэдгээрийн дотроос IVF (In Vitro Fertilization) буюу хуруу шилэнд үр тогтоох арга нь үргүйдлийг эмчлэх хамгийн үр дүнтэйд тооцогддог аж. Өөрөөр хэлбэл, өндгөвчийг өдөөх замаар боловсорсон өндгөн эсийг авч, эр бэлгийн эстэй нийлүүлээд хуруу шилэнд үр тогтоогоод, дараа нь үр тогтсон өндгөн эсийг умайн хөндийд шилжүүлдэг аргыг хэрэглэж байна.  Баянгол эмнэлгийн “ Үр шилжүүлэн суулгах төв”-ийн лаборатори  ч бас энэ аргыг нэвтрүүлж,  Анагаах ухааны доктор, клиникийн профессор Р.Хадбаатар эмч тэргүүтэй чадварлаг хамт олон үргүйдлийг эх орондоо эмчлээд 10 гаруй жил болжээ. 

“Баянгол” эмнэлгийнхэн “Үр шилжүүлэн суулгах төв”-өө дэлхийн өндөр хөгжилтэй  орнуудад ашиглаж байгаа Герман улсын “Modern Technology Germany” компанийн тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. Тус лабораторид үргүйдлийг шийдэх олон талын нарийвчилсан судалгаа шинжилгээг хийж, айл гэрт аз жаргал бэлэглэх  олон “шинэ хүн”-ийг төрүүлдэг  юм байна.  Энд хийж буй үр тогтоох эмчилгээ нь  өндгөн эс боловсрох үе, өндгөн эс боловсрох явцыг хянах, өндгөн эс гадагшлах үе, эсийн мэс ажилбар, эр бэлгийн эс цуглуулж бэлтгэх, үр тогтолт ба үр хөврөл өсгөвөр, үр хөврөлийг шилжүүлэх гэсэн олон  үе шаттай юм байна.   

 

ХОСУУД ХҮСВЭЛ ХҮҮХДИЙНХЭЭ ХҮЙСИЙГ  СОНГОХ БОЛОМЖТОЙ

 

 

Юнимед интернэшнл” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэдзахирал С.Хөхийгөөс зарим мэдээллийг тодруулсан юм.

-“Үр шилжүүлэн суулгах төв”-ийн лабора­торийн үйлажиллагаа ямар  шат дамжлагаас бүрддэг вэ?

-Энэхүү лаборатори нь  “Баянгол” эмнэлэгт суурилагдсан иж бүрд­лээрээ Европ болон АНУ-д хэрэглэгддэг стандарт үр шилжүүлэн суулгалт IVF, өндгөн эсийн цитоплазмд эр бэлгийн эс тарьж оруулах, өндгөн эс болон эр бэлгийн эс, үр хөврөлийг хөлдөөж хадгалах зэрэг үргүйдлийн  бүх шатанд нарийн мэргэжлийн ажилбаруудыг хийх боломжтой.

Өөрөөр хэлбэл, үргүйдлийн асуудлыг  цог­цоор нь шийднэ.  Эрэг­тэйд нь байна уу, эмэгтэйд нь байна уу, ямар хэлбэрийнх байна. Дааврын  байна уу, эсвэл наалдац үүссэн байна уу гэх зэргээс шалтгаалж өөр байдаг. Жишээ нь, наалдац үүсч, үр дамжуулах суваг битүүрсэн тохиолдолд бид Герман улсын тоног төхөөрөмж бүхий дурангийн хагалгааг хийж, наалдацыг салгана.

Үрийн суваг нь битүүрсэн байвал сэтгэнэ гэх мэтчилэн механик арга хэмжээг авдаг.  Хамгийн гол нь үр хүүхэдтэй болох гэж буй хүмүүс  оношоо зөв тогтоолгох хэрэгтэй. Оношоо зөв тодорхойлуулж чадаа­гүйгээс элдэв эмчилгээ хийлгэж, хугацаа алдсан олон хүн манай эмнэлэгт ханддаг. Тиймээс энэ бүх асуудлыг иж бүрнээр нь шийдэж байгаагаараа энэ лаборатори өндөр ач холбогдолтой.

-Эсийн банкны талаар мэдээлэл өгөөч. Өндгөн эсийг хадгалах боломжтой гэсэн үг үү?

-Хүний нөхөн үржихүйн чадвар  35 нас хүрээд цаашдаа буурдаг. Тиймээс эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч залуу байхдаа эсээ хадгалуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, эр, эм бэлгийн эсийг хасах 196 градусын хүйтэн орчинд удаан хугацаагаар чанарыг нь алдуулахгүй хадгалах төхөөрөмжийг дэлхий нийтээр “Үрийн банк” гэж нэрлэдэг. Хүсвэл эрэгтэй, эмэгтэй хэн ч өндгөн эсээ зориулалтын банканд хадгалуулах боломжтой гэсэн үг. Мөн хосууд хүсвэл хүүхдийнхээ хүйсийг нь  хүртэл сонгох боломжтой.

 

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин