sonin.mn

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.02.04.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж 11 цаг 09 минутад 56.6 хувийн ирцтэй эхэлж, энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 33 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудал олон нийтийн дунд маргаантай байгаа тул завсарлагын хугацааг сунгах, энэ хооронд намын бүлгүүд уг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, зөвшилцөх саналтай байгаа учраас 3 хоногийн нэмэлт завсарлага авах хүсэлт гаргасан юм. Хуралдаан даргалагч намын бүлгийн уг хүсэлтийг хүлээн авч буйгаа мэдэгдээд энэ хугацаанд бүлгүүд цэцийн талаарх маргаанаа ярилцах хэрэгтэйг сануулав.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн эцсийн найруулгыг сонссон юм.

Ноён уул, Гацууртын ордын асуудлыг эцэслэн шийдвэрлэв

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцуулав.

Тус байнгын хороо өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад санал хурааж шийдвэрлэсэн зарчмын шинжтэй саналуудыг төсөлд нэмж тусгасан бөгөөд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр тогтоолын төсөлд техникийн болон редакцийн шинжтэй зарим засвар хийсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ноён уул орчмын газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахын тулд наад зах нь 36 мянган га талбайг хамгаалалтад авахад хүрнэ. Иймээс Засгийн газраас оруулж ирсэн саналыг байнгын хороо дэмжсэн. Ингэснээр 11 мянган га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар, 405 га талбайг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болж байгаа юм. Гэхдээ Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж байгаа, харин хилийн цэсийг нь Засгийн газар тогтоох юм. Хэрэв гишүүд Ноён уул орчмыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авья гэвэл тогтоолын төсөл санаачилж өргөн барих шаардлагатай гэдгийг хэллээ. Ингээд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувь нь дэмжсэн юм.

Уг тогтоолын төслөөр байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх, соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус тусгай хамгаалалтад авахаар болж байгаа юм.

Дараа нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ тогтоолын төслийн 2 дугаар зүйлийг “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй” гэж өөрчлөн найруулахаар санал хурааж шийдвэрлэжээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан юм.

Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүд зөвхөн баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх бус нийт нутгийн алслагдсан сумдыг татварын чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй тухай санал гаргасныг дэмжиж Засгийн газарт хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг үүрэг болгосон. Иймээс хуулийн төслийг яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатайг сануулсан бол байнгын хорооны дарга Ч.Улаан Засгийн газраас асуудал оруулж ирэхдээ хойрго хандаж байгааг шүүмжлээд байнгын хорооны хуралдааны протоколоор хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Харин хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болонЗахиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх захиргааны хэргийг шийдвэрлэхдээ олон улсын гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэрэглэж болохоор, түүнчлэн хяналтын шатны шүүх хэргийн хоёр болон түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэхээр заасныг тус тус хасах, хариуцагч зөвхөн захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжпэл гаргах эрхтэй байх, захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжпэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгох зэрэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгажээ.

Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг гүйцээн боловсруулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Түүнчлэн дэгийн тухай хуульд заасны дагуу техникийн болон найруулгын саналыг төсөлд тусгасны зэрэгцээ төслийн зарим зүйл, заалтын уялдаа, найруулгыг сайжруулах, нэр томьёог жигдлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсээс гаргасан зарчмын зөрүүтэй 10, найруулгын чанартай 40 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Түүнчлэн уг хуулийн төслийг дагалдаж Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм.

Ингээд хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эцэслэн батлагдлаа. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн бусад 23 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг батлахыг дэмжив.

Мөн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэнБоловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар дахин ярилцаж нягтлах шаардлагатай гэсэн үндэслэлээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.