sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа.

Товчдоо бол, тус хуулиар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх юм.

Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг