sonin.mn
ОХУ-ын Москва, Францын Парис, АНУ-ын Нью-Йорк, Монголын Улаанбаатар хотуудад 10 ам.доллараар нэг өдрийн хоол хүнсэнд чухам юу авч болох вэ. Энэ асуултад хариулт өгсөн сонирхолтой туршилтын дүнг толилуулъя. 
 
 
 
НЬЮ-ЙОРК
 
 
 
Нью-Йоркийнхон хүнсний хямд бараа, хувцас авахын тулд ихэвчлэн хотын захад байрлах “Walmart” зэрэг хайпермаркетыг зорьдог ажээ. Гэхдээ хотын төвд ч “Walmart”-аас төдийлөн үнэтэй биш жижигхэн супермаркетууд мэр сэр тааралддаг байна. Ингээд 10 ам.доллараар хамгийн хямд хүнс болох уут төмс, хос өргөст хэмх авав. Тэргэнцэрт жижиг лонх сүү хийснийхээ дараа хагас кг тахианы гуя авлаа. Тэгээд талх, зургаан ширхэг өндөг авч хоолны хачирт нэмэрлэв. Дээрх бүтээгдэхүүнийг бичүүлэхээр кассанд очиход 8.88 ам.доллар боллоо. Тэгэхээр жимс, ногоо нэмж авах тухай бодсоны ч хэрэггүй болж буй.
 
Тэгтэл дэлгүүрээс худалдан авалтын урамшуулалд хөлдөөсөн шош, ногоон вандуй, лууван, эрдэнэ шиш өглөө. Хэрэв үүнийг үнээр нь авсан бол нэг ам.доллар төлөх ажээ. Түүнийг нэмбэл миний авсан хүнс нийлээд 10 ам.доллар хүрч байгаа юм.
 
Ер нь Нью-Йоркт 10 ам.доллараар тансаглах боломжгүй ч гайгүй хоол хийгээд идчихнэ. Тахианы хоёр гуя, хөлдөөсөн хүнсний ногоогоор үдийн хоолны гурван таваг шөл хийх боломжтой. Үлдсэн тахианы хоёр гуяыг жигнээд, шпагетти гоймонг чанаж холиод хоёрдугаар хоол бэлэн. Харин зургаан өндгөөр гурван ч өглөөний зоог хийхэд хангалттай юм.
 
 
 
МОНГОЛ
 
 
10 ам.доллартай дүйцэх хэмжээний валютаар улс орнууд хэдий хэмжээний бүтээгдэхүүн авч болох туршилт хийжээ. Харин манай улсын хувьд 10 ам.доллар 20150 төгрөгтэй тэнцэж буй. Хүмүүс дийлэнхдээ гэрийнхээ ойролцоо байх хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг. Тиймээс “Шилэн” дэлгүүрээр орлоо. 1300 төгрөгөөр Мишээл талх нэгийг бас ариутгасан “Элекстр” сүү нэг ширхэгийг 1000 төгрөгөөр авав. Ингээд давс нэг кг нь 750, өндөг дөрвөн ширхэг нь 1280 төгрөг боллоо. Түүнчлэн төмс 885 гр нь 885 төгрөг, өргөст хэмх 245 гр нь 1274, мини помидор 240 гр нь 1296, шпагетти гоймон 2350 төгрөг, америк тахиа 980 гр нь 7350 төгрөг болсон юм. Нийт 17485 төгрөг болж үлдсэн мөнгөндөө хоолны даруулга хийхээр алим авахыг хүссэн ч үнэтэй байлаа. Тиймээс 535 гр мандариныг 1872 төгрөгөөр авч, мөн хоол амлагч 600-аар авав. Ингээд 20060 төгрөгийн худалдаа хийлээ. Энэ хүнсээр дөрвөн ам бүлтэй айл нэг оройныхоо хоолыг хийж болох юм.
 
 
 
 
 
МОСКВА
 
 
Энэхүү туршилтыг хийх үед нэг ам.доллар 78 рубльтэй тэнцэж байлаа. Тэгэхээр 10 ам.доллар 780 рубль, бараг л 800 гэсэн үг. Ингээд “Лента” хайпермаркетыг зорьсон аж. Юуны түрүүнд талх, нэг кг төмс авчээ. Мөн нэг кг улаан лоолийг 250 рублиэр авсан байна. Улмаар хамгийн хямд алим, өндөг, хөлдөөсөн тахианы мах авсны дараа нийт зарцуулсан мөнгө 650 рубль хүрэв. Үлдсэн 150 рубльдээ нэг кг өргөст хэмх авлаа. Үүгээр дөрвөн ам бүлтэй айлын оройн хоол хийх боломжтой юм.
 
 
 
 
 
ПАРИС
 
 
10 ам.доллар гэдэг ойролцоогоор есөн евро 30 центтэй тэнцэнэ. Ийм төсвөөр нэг өдрийн хүнсээ базаана гэдэг амаргүй. Уламжлалт франц багет талх дэлгүүрт нэг евро гарантай. Дээр нь нэг литр сүү, зургаан ширхэг өндөг авав. Мөн уут төмс, хоёр өргөст хэмх, нэг кг алим авсны дараа бүтэн нэг евро үлдсэн байлаа. Гэвч түүгээр авчих хүнс үгүй ажээ.
 
Төсвөө ийн зарцуулаад ямар ч мах авч чадсангүй. Тахианы гуя хамгийн хямдхан нь нэг кг нь 4.6 еврогийн үнэтэй. Парист түүнчлэн улаан лооль их үнэтэй, кг нь 4.5 евро байдаг ажээ.
 
 
Д.Оюунчимэг, Б.Түшиг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин