sonin.mn
Монголчуудыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгээд ч эртний монголчуудын амьдрал, ахуй, дайтан тулалдах арга ухааны олон зүйл адуу, малтай холбоотой байдагчлан “Цэрэг” гэдэг үгийн гарал ч морьтой холбоотой ажээ.
 
Эрт цагт монголжин овог, аймгийн ноёд, тэргүүнүүд дайн байлдаан хийхээр зар тарааж олон морьтон дайчдыг нэг дор цуглуулахдаа “Болзоол газар” буюу одоогийн цэргийн хэллэгээр “Цугларах байр”-анд хүрэлцэн ирсэн дайчдын морийг уях зорилгоор олон шон зэрэгцүүлэн босгодог байж. Тэрхүү шонгуудыг “Цэрэг” гэдэг, зарим овгийнхон “Сэрэг (сэргэ)” гэдэг байсан бөгөөд Буриадууд одоо ч “Цэрэг” гэхийг “Сэрэг” гэж дууддаг. 
 
Энэ тухайд нэрт эрдэмтэн Л.Түдэв “Монгол сэргэ" хэмээх өгүүлэлдээ “Сэргэ гэдэг үгийн гарал үүсэл нь эрт цагийн цэрэг татлагатай холбоотой болно. Цэрэг татах үед олон морьтон эрс нэг дор цуглардаг нь тодорхой бөгөөд тэдгээрийн морийг уях шаардлагатай тул хоорондоо нэлээн зайтай хоёр шон босгож сур юмуу дээсээр хоёр шонгийнхоо оройг холбоод мөнхүү зэлнээсээ морьдоо...уядаг байсан ажээ. 
 
Тийнхүү морины уяа, шон гэсэн үг дэлгэрснээр барахгүй “Цэрэг татах” гэдэг нэр ‘ томьёо буй болж, сүүл сүүлдээ татах гэдэг үгийг орхиж “Цэрэг” хэмээн нэрийдэх болжээ. Тэр нь сунжирсаар морины уяанд биш харин хүмүүст шилжиж “Цэрэг татах” гэж олон эрсийг дайн байлдааны зорилгоор дуудаж цуглуулахын нэр болон хувирчээ...Түүгээр ч барахгүй цэрэг гэдэг үг нь ч дайчин эрсийг хэлэх ойлголт болжээ" хэмээсэн байна.
 
Эрт, дундад эртний үед айл бүр гадаанаа, өргөө гэрийнхээ чанх үүдэн тушаа юмуу, эсвэл баруун талд цэрэг босгодог байсан ба цэрэг нь нарийн, бүдүүн олон янз байдаг. Зарим айл шургаагаар хийдэг байхад олон хүн цугладаг газарт бол бүдүүн, бат бөх модоор ч хийдэг, тийм том цэрэг модыг “Бух цэрэг” гэдэг байсан байна.
Бас их дээр үед морины уяагүй газарт их цэргийн агтыг агтчин барин зогсдог байжээ. Тийм албатай хүнийг “Хүн сэрэг (сэргэ)” гэдэг байж.
 
Ийнхүү түүхэн хөгжлийн явцад “Цэрэг” хэмээх нэр томьёо утга шилжихийн хэрээр уг үгээр илэрхийлэгдэж асан морины уяа шон нь ч зөвхөн ахуйн хэрэглээний хүрээнээс хальж онго шүтээн, тайлга тахилгын гол мод болон хувирсны баримт болох сэргүүд Буриад болон захын урианхай нарын үр хойчис болох саха буюу якутад олноор үлдэж хоцорсон байна.
 
Тэдгээр сэргийн оройд зэрэгцээ гурван ховил гаргасан байх ба тэдгээрийн дээд талынхад тэнгэрийн хүлгийг уях, дунд талынхад жирийн хүмүүсийн унаа морьдыг уях, доод талынхад газар доорх ертөнцийн хүлгүүдийг уях зориулалттай гэж бэлгэддэг ажээ.
 
Ийнхүү түүхэн хөгжлийн явцад “Цэрэг” хэмээх нэр томьёо утга шилжихийн хэрээр уг үгээр илэрхийлэгдэж асан морины уяа шон нь ч зөвхөн ахуйн хэрэглээний хүрээнээс хальж онго шүтээн, тайлга тахилгын гол мод болон хувирсны баримт болох сэргүүд Буриад болон захын урианхай нарын үр хойчис болох саха буюу якутад олноор үлдэж хоцорсон байна.
 
Доктор, профессор Жамбын Базарсүрэн