sonin.mn
“Дүр эсгэсэн ардчилал хортой”, “Намын дүрмээ уландаа гишгэсэн намын дарга З.Энхболд огцор”, “Дарханы АН “Бурхан халдун” ХХК-ийн өмч биш”, “Фракцгүй АН-ын дарга шударга бай” зэрэг уриа лоозон барьсан Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд намынхаа дарга З.Энболдын хууль бус шийдвэрийг баримттайгаар дэлгэж, гурван үндэслэлээр огцруулах шаардлагатай  гэж өчигдөр мэдэгдлээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн АН-ын дарга Г.Баянмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдсэн байна. Гэтэл ямар шалтгаанаар намынхаа даргыг огцруулах тухай шаардлага хүргүүлж байна вэ?
 
-Сүүлийн 12 жилийн хугацаанд дарханчууд АН-д хангалтгүй гэсэн дүн тавьсаар ирсэн. Намын дарга З.Энхболдыг огцруулах гурван үндсэн шаардлага бий. Нэгдүгээрт, АН-ын хяналтын ерөнхий хороо буюу Үндсэн хуулийн Цэц Дархан-Уул аймгийн АН-ын хороо хууль бус гэдгийг хоёр удаа тогтоосон. Тухайлбал, 2013 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга биш” гэсэн тогтоолыг гаргасан.
 
Түүнчлэн дотоод сонгуулийн хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос шийдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон. Ийм тогтоол шийдвэр байсаар байтал АН-ын дарга З.Энхболд 2014 оны арваннэгдүгээр сарын 20-нд намынхаа үндсэн дүрмийг уландаа гишгэж “Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга мөн” гэсэн хууль бус тодорхойлолт шүүхэд хийж өгсөн.
 
Энэ нь фракцгүй АН-ын даргын хийх үйлдэл мөн үү. Хоёрдугаарт, намын дарга З.Энхболд өнгөрсөн жил фракцгүй АН гэж олон нийтэд зарласан. Тэгсэн атлаа хууль бус намын хороогоороо Үндэсний зөвлөлдөх хорооны сонгуулийг явуулсан мэтээр хууль бус сонгууль явуулж, үүгээр эдийн засгийн зөвлөх Лхагвасүрэн тэргүүтэй шонхор фракцын дөрвөн хүнийг сонгосон мэтээр Үндэсний зөвлөлдөх хороогоор батлуулах гэж байгааг эсэргүүцэж байна. Дархан-Уул аймгийн АН-ыг арван жил ялагдуулж, хоёр нам, хоёр тамгатай үйл ажиллагаа явуулж буй нөхдийг дэд сайдад өргөмжилж байна. Энэ нь фракцгүй АН мөн үү. Гуравдугаарт, намын дарга, гишүүний ёс зүй гэж бий.
 
Н.Мөнхдаш Дархан-Уул аймгийн орлогч даргаар ажиллаж байсан О.Баярсайханы шүдийг цөм цохиж, танхайрснаар дөрвөн жил, нэг сарын хугацаанд эрүүгийн хариуцлага хүлээсэн, аймгийн ИТХ-ын үеэр салаавч гаргах зэргээр зүй бусаар авирлаж байсан хүнийг эрх чөлөөний одонгоор шагнаж байна. Энэ нь фракцгүй АН мөн үү. Арван жил тасралтгүй намаа ялагдуулсан хүнийг эрх чөлөөний одонгоор шагнаж, дэд даргад дэвшүүлж болдог юм байна.  Үндсэндээ намын биш, фракцын бодлогыг дэмжиж АН-ын дарга З.Энхболд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс сайн дураар огцрох ёстой.
 
-Таны ярьж буйгаар Дархан-Уул аймгийн АН одоогоор хоёр дарга, хоёр тамгатай үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг үү?
 
-Тийм ээ. Одоогоор мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулиар тухайн нам үндсэн дүрмээ хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хяналтын ерөнхий хороо хянадаг. Эндээс гаргасан ямар нэгэн тогтоолыг намын дарга, гишүүн хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй. Манай намын хувьд Үндсэн хуулийн Цэц гэсэн үг. Гэтэл үүнийг баллуурдаж, өөрийнхөө фракцын Н.Мөнхдашийг намын даргаар тодорхойлж байгаа нь үндсэн дүрмээ зөрчиж байгаа юм. Тиймээс огцруулах шаардлагатай гэж үзсэн. Бид дээрх хууль бус үйлдлийг эсэргүүцэж намын байрандаа арав хоног улс төрийн суулт хийсэн. Хэрэв бидний тавьсан шаардлагад өнөөдөр /өчигдөр/ хариу өгч огцрохгүй бол маргааш буюу энэ сарын сарын 27-ноос улс төрийн өлсгөлөн зарлана.
 
-Сонгуульд нэр дэвших нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлсэн. Харин Дархан-Уул аймгийн АН-аас хоёр мөрийн хөтөлбөр өгсөн гэсэн үг үү?
 
-Хууль бусаар томилогдсон нөхөд Дархан-Уул аймгийн АН-ын удирдлага гэж өөрсдийгөө нэрлэж аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Бид ч мөн адил мөрийн хөтөлбөрөө боловсруулж хүргүүлсэн. Бидэнд баримт байгаа. Хяналтын ерөнхий хорооны тогтоол бий.
 
-Дээрх хууль бус шийдвэрийнх нь талаар намынхаа даргад өмнө нь  дуулгаж байв уу?
 
-Энэ үүсээд буй асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бид гурван жил хөөцөлдөж байна. Ерөөсөө л шударга сонгууль явуулаад ялагдвал бид байр сууриа тавьж өгөхөд бэлэн. Гэтэл шударга сонгууль явуулж чадахгүй л байгаа байхгүй юу. АН-ын дарга З.Энхболд та хууль бусаар явуулсан үндэсний зөвлөлдөх хорооны сонгуулийг хүчингүй болгоно уу. Мөн намын үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хорооны 2013 оны арваннэгдүгээр сарын 18-ны 02, 2014 оны аравдугаар сарын 13-ны 03 тоот тогтоолыг үгүйсгэж 2014 оны арваннэгдүгээр сарын 24-нд гаргасан итгэмжлэлээ хүчингүй болгохыг шаардаж байна. Бид 12 жил намынхаа нэр хүндийг бодож ирлээ.
Энэ нь нэг талаараа нам доторх хэрүүл маргаан боловч нөгөө талаараа АН-ын арчаагүй байдлаас болж  эцсийн дүндээ Дархан-Уул аймгийн иргэд хохирч байна. Барилга, хот байгуулалтын сайдын багц дээр аймгуудад 50 сая төгрөгийг хуваарилсан. Ингэхдээ МАН-ын Засаг даргатай аймгийг орхисон. Үүний үр дүнд Дархан-Уул аймагт орох хөрөнгө оруулалт багасч, иргэд хохирч үлдлээ.
 
-Нам дотор үүсээд буй нөхцөл байдлын гол хохирогчид нь иргэд болж, хууль бусаар газар өмчлөх нь хэрээс хэтэрч байгаа талаар та түрүүн ярилаа. Тухайлбал?
 
-Эрх мэдлийн төлөө зүтгэж, сандал ширээтэйгээ зууралдаж буй эдгээр нөхөд хууль бусаар газар өмчилдөг. Тухайлбал, Н.Мөнхдаш олон улсын худалдааны төвийн газар барилга барихаар 2007 онд дуудлага худалдаагаар 12000 ам метр газрыг 21 сая төгрөгөөр авсан. Үүнийгээ сунгуулахдаа 19050 болгож, нийт 7050 ам метр газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр авсан.
 
Ингэснээр улсад тухайн үеийн ханшаар 16 сая төгрөгийн хохирол учруулсан юм. Мөн Дарханы “Номин” худалдааны төвөөс “Ургамал” газар тариалангийн эрдэм шинжилгээний байгууллага хүртэлх 13 га газрыг 2010 оны есдүгээр сарын 11-нд бас хууль бусаар авсан. 2012 оны орон нутгийн сонгууль болохоос зургаан хоногийн өмнө АН-ын дэд дарга гэж өөрийгөө нэрлэдэг Г.Ганхуяг буюу “Бурхан халдун” ХХК-ийн охин компани болох олон улсын худалдааны төвийн захирал хүүхдийн тоглоомын төвийн газраас дөрвөн га талбайг луйвардаж авсан.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин