sonin.mn
Сири, Иракт томоохон хохирол амсч ухарсаар байгаа “Исламын улс” бүлгийн дайчид бусад улс орон руу шилжин байрлаж байгаагийн нэг нь Афганистан юм. Дөрөвдүгээр сарын 20-23-нд Казахстанд болсон Евразийн хэвлэл мэдээллийн форум дээр энэ асуудлыг хэлэлцжээ.
 
Форумын оролцогчдын дунд талибуудыг 2001 онд түлхэн унагаснаас хойш Афганистан орныг бараг 13 жил удирдсан экс Ерөнхийлөгч Хамид Карзай байсан юм. Лента.ру түүнтэй уулзаж Афганистаны хувь заяа, “Исламын улс”-ын эсрэг тэмцлийн талаар ярилцжээ.
 
-Та Афганы Ерөнхий­лөг­чийн албанаас буугаад бараг хоёр жил болжээ. Тэр цагаас хойш улс оронд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв?
 
-Харамсалтай нь, Афганистан улс тайван ам­галан болсонгүй. Аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай хоёр талын хэлэлцээ байгуулсны дараа Афганы ард түмэн байдал сайжирна гэж найдсан ч тийм юм болсонгүй.
 
-Америкууд Афганистанд цэргээ оруулснаар сайн сайхныг авчрав уу, эсвэл гай зовлон авчирсан уу?
 
-Хэлэхэд хэцүү л юм. Зарим салбарт аме­рикууд ихээхэн нааш­тай нөлөө үзүүлсэн. Боловс­рол, зам харгуй, эрүүл мэнд гээд. Олон хүн ажилтай, цалинтай болсон. Зарим нь бүр их цалин авч байсан. Гэвч аюул­гүй байдлын талбарт америкууд амжилт олсон­гүй. Терроризм хаашаа ч алга болсонгүй. Радикал, экстремист үзэл бодол хүчирхэгжиж, аллага, хүчирхийлэл өдөр тутмын амьдралын нэг хэсэг болчихлоо.
 
-“Исламын улс” бүлэг Аф­ганд ороод ирлээ. Одоо хэн ялах гээд байна вэ. Та­либууд “Исламын улс”-ыг дийлэх үү, эсвэл халифат та­либуудыг залгих уу? Эс­вэл Засгийн газрын цэрэг тэднийг дийлэх үү?
 
-Эцсийн эцэст ялалт Засгийн газрын хүчний гарт ирэх ёстой. Тэд бусад “муу залуусыг” дийлэх хэрэгтэй. “Талибан” хөдөлгөөний хувьд гэвэл, Афганы ард түмэн нэгдэх ёстой л доо. Хэдийгээр энэ байгууллага багагүй гай зовлон авчирч, олон афганууд түүний эгнээнд тулалдаж байгаа ч Афганы ард түмний хувьд энхийн яриа хэлэл­цээг эхлүүлэхээс өөр арга зам байхгүй. Нөгөө талаар, “Исламын улс” бол харь элгийн бай­гуул­лага. Тэд гаднаас орж ирээд Афганы, бүс нутгийн ашиг сонирхолд нийцэхгүй зорилгын төлөө тулалдаж байна. Тиймээс тус бүлгээс ирж буй аюул заналхийллийн эсрэг бүгд нэгдэж тэмцэх хэрэгтэй. Хэрвээ өрнөд үнэхээр “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд амжилт олохыг хүсч байвал Оросын тусламжийг авах ёстой.
 
-“Исламын улс”-ын талаар таны байр суурь ойл­гомж­той. Тэгвэл Афганы дотоод хямралыг зохи­цуу­лахад “Талибан” хөдөл­гөөн аль хэр үүрэгтэй вэ?
 
-Бид тэдэнд тодорхой үүрэг, хариуцлага санал болгохдоо баяртай байх болно. Талибууд чинь афганууд шүү дээ. Гадаадын нөлөөнөөс ангижирч, улс орондоо хор хүргэх биш, харин тусалж дэмжихэд афган иргэдийн хувиар хувь нэмрээ оруулаасай гэж тэднийг уриалж байна.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин