sonin.mn
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” ярилцлагын буландаа “Гэрэгэ” группийн ерөнхий захирал Д.Цэндийг урьж ярилцлаа
 
 
-Өнөөдөр барилгын салбар уналаа, хэцүүдлээ, банкаа чирч дампууруулах гээд байна гэдэг зүйлийг зарим нь ярьж байна. Яг салбар дотор нь ажиллаж байгаа хүний хувьд та энэ асуудлыг юу гэж харж байгаа бол?   
 
-Энэ бол харьцангуй ойлголт. Манайхан дандаа төр засаг руу дайрч давшилж, бүх зүйлийг эзэнгүйдүүлдэг болчихжээ. Тэгсэн хэр нь өөрөөсөө өө хайдаггүй.
 
Миний бодлоор энэ нь суурь үзэл бодол, ойлголтоос эхлэлтэй. Байрны үнэ хэзээ буурах вэ гэж байнга асуудаг. Тэгэхээр нь би “Өөрөө байртай юу” гэж асуухад “Үгүй” гэж хариулдаг. Яагаад ингэж асуугаад байна вэ гэвэл байргүй учраас үнэ нь хямдраасай гэж хүсээд байгаа юм.
 
Эсрэгээрээ байртай хүн бол үл хөдлөх хөрөнгөө үнэгүйдүүлэхийг хүсдэггүй. Маш их, магадгүй насаараа ажилласан хөдөлмөрийн үр шим, түүндээ амар тайван, аюулгүй амьдарч байгаа тав тухтай орчин нь учраас үнэ цэнэтэй хөрөнгөө үнэгүйдүүлэх хүсэл хэнд ч төрөхгүй. Бид үл хөдлөх хөрөнгөтэй, тэр нь үнэ цэнэтэй, түүхтэй, ирээдүйтэй байх ёстой байхгүй юу. Гэтэл өнөөдөр бүх юмыг үнэгүйдүүлээд, өөрсдөө ч өөрийгөө үнэгүй болгож байна шүү дээ. Энэ чинь харин утгагүй. Тиймээс хүний хамгийн анхдагч хэрэгцээ болсон барилгын салбарыг аль ч улсад, аль ч нам, иргэн хамгаалдаг юм байна л даа.
 
Яагаад гэвэл, миний амьдарч байгаа байшин үнэгүйдвэл би гудамжинд гарна шүү дээ. Иймэрхүү үл хөдлөх хөрөнгө, үндэсний язгуур эрх ашигтай холбоотой зүйлүүд дээр монголчууд бодлогын хувьд өөрсдөө их хатуу байх ёстой. Өөрөөр хэлбэл, монголчууд үл хөдлөх хөрөнгийн салбараа унагааж болохгүй. Үүнийг иргэн бүр өөрөөсөө эхэлнэ. Яахав, орон байргүй хүмүүс хямдрахаар нь авна ч гэдэг юм уу, эсвэл хүүгээ тусад нь гарахад хямд үнэтэй байр олоод өгчих юмсан гэдэг хүлээлт нийгэмд байгаа.
 
-Гэхдээ барилгын салбар хөөстэй байсан?
 
-Хөөс байсан гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Уул уурхайн салбараа дагаж бэлэн мөнгөтэй болсон. Тиймээс хүн болгон байр аваад эхлэхээр хөрөнгө оруулагч нар барилгын салбарт дотоод, гадаадгүй их олноороо орж ирсэн. Гэтэл үйлдвэрлэл нь төдийлөн хөгжиж чадаагүй байсан учраас барилгын материалын үнийг өсгөсөн. Одоо буцаад хямд үнэ барих технологи руугаа орж, горимоо барьчихлаа. Барилгын салбарын хөөс нь хагараад газарддагаа газардчихсан. Хямдардагаараа хямдарчихсан. Үүнээс илүү хямдрах боломж ер нь байхгүй. Байвал бид хоёрын түрүүн ярьсанчлан хэт үнэгүйдэх, дампуурлаа зарлах зэрэг эвгүй байдал үүснэ байх.
 
-Хүлээлт юунаас гарч байна вэ гэвэл одоо зах зээлд хангалттай их байр байна. Гэтэл байр авах гээд хүлээгээд байгаа тэр хүмүүс орж чадахгүй. Худалдан авах чадваргүй хүмүүс үлдчихээд байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг бодлогоор зохицуулахын тулд ипотекийн зээл, түрээсийн орон сууц зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Гэхдээ энэ нь хэр оновчтой вэ. Ер нь орон сууцны зээлийн асуудлаас болж санхүүгийн хямрал үүсч байсан түүх хүртэл бий шүү дээ. Үүнийг Монголд давтчих гээд байгаа юм биш биз?
 
-Барилгын салбар хангалттай их нийлүүлэлт хийчихсэн, одоо зах зээл дээр 27 мянган орон сууц байна. Зарим судалгаагаар энэ тоо бүр 30 мянгад хүрчихсэн байгаа. Гэхдээ эдгээр байрны үнэ нөгөө ард түмний авах гээд байгаа хүлээлттэй нийлэхгүй.
 
Энд ямар асуудал тулгарав гэвэл үнийн өсөлт буюу хөөсөрч байх үеийн эдийн засаг бий. Тэр үед үнэтэй арматур, үнэтэй цемент, өндөр үнэтэй ажлын хөлсөөр барьчихсан байшин яаж ч хямдраад бүр доошоо орох боломжгүй шүү дээ. Жишээ нь 2013, 2014, 2015 онд гээд гурван жил барьчихсан, магадгүй 2013 онд барилгаа босгоод гурван жил борлогдохыг нь хүлээчихсэн, тэнд хэдэн тэрбум төгрөг ороод гацчихсан байгаа. Ийм байрыг хямдруулж зарах ямар ч боломжгүй. Ингээд л ямар ч эргэлтгүй зогсчихоод байгаа юм. Тиймээс л тийшээ хийсэн хөрөнгө оруулалт царцчихаад байна.
 
-Тэгвэл үүнээс яаж гарах вэ?
 
-Эдгээр байрны айлын тоо олон, дээрээс нь ам метр том төлөвлөлттэй байгаа. Багахан буюу 30, 40 ам метрийн төлөвлөлттэй байрууд нэлээд сайн борлуулагдаж байна. Бизнес эрхлэгчид маань үүнийг тооцоод ам метрээ багасгаад зарсан нэг хэсэг бий. Харин одоо энэ эргэлт явдагаараа явна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сар хүртэл орон сууцны зээл зогссон.
 
Тэр үед их хэцүү байсан шүү дээ. Одоо орон сууцны зээл өгөөд эхэлсэн чинь их, бага ч гэсэн борлуулалт хийгдэж байна. Ингээд их, бага ч гэсэн эргэлттэй  байвал зах зээлийнхээ хуулиар дараагийн үеийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хямралын үеийн стратеги, төлөвлөлттэй буюу хямд өртөгтэй орон сууц баригдана.
 
-Тэгэхээр өнөөх өмнө нь босчихсон 27 мянган орон сууц борлуулагдахгүй болчихгүй юу?
 
-Үгүй л дээ, нэг ТҮЦ байхаараа орлого ордоггүй. Харин 10 ТҮЦ болчихоороо бараа элбэг, сонголт, өрсөлдөөнтэй болж борлуулалт өсдөг байхгүй юу. Хурдан хугацаанд нөхцөл байдалтайгаа тохируулаад үнэ хямдруулж байраа зарах уу, эсвэл сайн байршилтай учраас удаан хүлээлттэй ч гэсэн өндөр үнээр зарах уу гэдэг нь тухайн компанийн бодлого.
 
Ямартай ч орон сууцны зээлийнхээ хүрээнд 80 ам метр байрны боруулалт 5-8 хувийн хүүтэй эхлээд явж байгаа нь барилгын салбарыг хөдөлгөөнд оруулах үндсэн хөшүүрэг. Харин энэ зээлийн мөнгөө тасралтгүй тавих эх үүсвэргүй болчих вий дээ, маргааш өнөөх орон сууцны зээлтэй ажилтны ажлын байр тогтвортой байх уу, үгүй юу гэдэг нь асуудалтай. Өөрөөр хэлбэл, энэ бүгдэд стратеги хэрэгтэй байхгүй юу. Яавал ажлын байрыг тогтвортой байлгах вэ. Яавал тэр бүлгийн хүмүүсийг бодлогоор тэтгэж өгөх вэ гэдэг нь чухал. Юутай ч өнөөдрийн төр засаг барилгын салбарынхантай хамтраад боломжтой хувилбараар ажиллаж байна.
 
Монголбанк, УИХ, Засгийн газар энэ асуудлыг шат шатандаа анхаарч боломжтой арга хэмжээг авч байгаа. Цаашид энэ хамтын ажиллагаагаа тогтвортой байлгах талаас нь анхаарах ёстой. Хамгийн гол нь эхлээд ажлын байр тогтвортой байх ёстой болов уу. Хямралын үед манай компани л гэхэд аль болох ажилтнаа орон тооны цомхотголд оруулахгүй, халахгүй байх талаас нь арга хэмжээ авч байгаа. Дээрээс нь энэ жил Монгол Улсад орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Энэ ойгоо салбар нь ямархуу байдалтай тэмдэглэх гэж байна вэ. Ингээд бодоход сүүлийн 10 гаруй жилийн түүхэнд өмнө нь хийж байсан бүтээн байгуулалттай харьцуулахад хамаагүй илүү хурдтай хөгжиж, энэ бүтээн байгуулалтыг хийсэн залуучууд дэлхийн өнцөг булан бүрт очиж сурч, бас дотоодын зах зээлээс ч мундаг залуучууд төрсөн.
 
Дээрээс нь Байшин үйлдвэрлэх комбинатаасаа эхлээд хуучны XIII хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байсан ахмад үеийнхэн маань бий. Харин одоо Монголын барилгын салбар шинэ үеийн технологийг хэрэгжүүлэх стандартуудаа сайжруулах ёстой. Үүн дээр манай ахмад болон залуу үеийнхэн сайн ойлголцож байх шиг байна. Барилга хот байгуулалтын яам ч бай, ТББ ч бай төр хувийн хэвшлийн хүрээнд чамлахааргүй их ажил хийж байгаа. Гэхдээ нийгэмд бас хоорондоо эвээ олох, нэгдэж ажиллах зэрэг нь жаахан дутмаг байна. Ойн хүрээнд нэгдэх, нягтруулах ажил нэлээд хийгдэнэ байх.
 
-90 жил гэснээс З.Баянсэлэнгэ сайд МҮХАҮТ дээр барилгын салбарын бизнес эрх­лэгчидтэй уулзалт хийсэн. Тэр үеэр бизнесмэнүүд дараагийн Засгийн газар Барилгын яамыг яам чигээр нь байлгах ёстой шүү гэдэг санал хэлж байна лээ. Үүнээс харахад, манай улс төрийн нөхцөл байдлаас их зүйл хамаарч, хүссэн хүсээгүй бодлого нь суларч, чангарах тал байдаг юм уу даа гэж бодогдсон? 
 
-Бид саалиа бэлдэхээс саваа бэлд гэж ярьдаг ард түмэн. Энэ яамыг яам чигээр нь байлгахгүй бол Монголын бүтээн байгуулалт, барилгын салбараа царцаана. Ийм л ойлголт, төсөөлөл надад шууд төрж байна. Яам байснаар бодлогоо тодорхойлж, бүтээн бай­гуу­лалтынхаа төлөвлөлтөд илүү хүчтэй ордог. Тэгээд ч салбарын тогтвортой байдлыг авч үлдэх нь чухал. Эдийн засгийнхаа хэдэн хувийг бүтээн байгуулалтынхаа салбарт зарж байна вэ.
 
Магадгүй дараагийн Засгийн газар байгуулагдах үед энэ асуудал нэлээд өндрөөр босч ирнэ байх. Бүтээн байгуулалтын салбарыг яамгүй буюу бодлогогүй болгочихвол үүнээс гарах үр дагаврыг хэн хариуцах вэ. Бүтээн байгуулалтынхаа салбарыг арай өөрөөр авч явах бие даасан бодлого юу байдаг юм бол гэдгийг би хувьдаа мэдэхгүй байна. Энд нэг жишээ хэлэхэд, Энэтхэгт Бордооны яам хүртэл байдаг юм билээ. Тэгэхээр Монголын барилгын салбар нь өндөр түүхтэй ойн жилдээ яамгүй болно гэдэг байж болшгүй. Харин ч энэ салбарт чинь боломж их байдаг. 
 
-Барилгын салбарт гадаадын ажиллах хүчний тоо 40 гаруй хувиар буурсан гэж байсан. Энэ нь тоон үзүүлэлтээр буурч харагдаж байгаа нь сайн зүйл юм шиг боловч үнэндээ барилгын салбар хөөсөрч байх үетэй л холбоотой асуудал гэж би хувьдаа бодож байна. Бүтээн байгуулалт өрнөж, түүнд ажиллах хүч хэрэгтэй байсан учраас өмнөд хөрш улсаас ажиллах хүч оруулж ирсэн. Эсрэг талд нь Монголынхоо ажиллах хүчнийг чадваргүй гэж голдог нь өнөөдөр ч хэвээрээ. 
 
-Барилгын салбарын бүтээмж 2012-2013 онд хамаагүй өсч, дотоодын боловсон хүчин хүрэлцэхгүй болсон. Ганцхан манай улсад биш БНХАУ-д ч гэсэн ийм асуудал үүсч байсан шүү дээ. Тэр үедээ гадаадын ажиллах хүчин 30 мянгад хүрлээ гээд л шуугисан. Түүнтэй харьцуулбал өнөөдөр гадаадын ажиллах хүчний тоо 50 хүртэл хувиар буурч байгаа. Дотоодын ажиллах хүч ч өнөөдөр түүнээс илүү хувиар зогсчихоод байна шүү дээ.
 
Гэтэл ганц нэг ажил нь явж байгаа барилга дээр гадаадын ажиллах хүч аваад байгааг би хувьдаа зөвшөөрдөггүй юм. Дотоодын ажиллах хүч ажиллаж ядаж байхад гадаадаас ажиллах хүч оруулж ирээд байж яаж болох юм бэ. Гадаадаас ирсэн ажилтан Монголд бүтээн байгуулалт хийгээд цалин авч болно. Хүн хөлсөө урсган ажиллаж хөдөлмөрлөсөн юм чинь цалин авалгүй яахав. Гэхдээ үүнээс илүү хохиролтой нь Монголын бүтээн байгуулалтыг хийхээр гадаадын хүн тендерт ялаад цалин биш ашиг, тэр тусмаа бүр өрмийг нь аваад, монголчуудыг хүрэхтэй, үгүйтэй зардал өртгөөр ажиллуулаад явж байгаа төслүүд хүртэл байна шүү дээ.
 
Тэгэхээр бид ямар хэсгийнхээ хөрөнгө, боломжийг ямар нөхцөл байдлаас болж алдаад байна вэ гэдгээ их сайн ойлгох хэрэгтэй байна. Дээд төвшний их ашгаа бид гадаадын компаниудад алдаж байна шүү дээ. Тиймээс Монголын компаниуд хоорондоо эвтэй, хөгжингүй, технологийн чадавхитай байх юм бол гадаадын хүн ашиг авдаг биш, харин гадаадын шилдэг инженер, техникийн ажилчид биднээс цалин аваад гардаг болно. Уг нь бид ингэж ажилламаар байна. Үүн дээр бид нэгдсэн нэг бодлого барих хэрэгтэй.
 
Тэгэхгүй бол бид гадаадын хүнд ашгаа өгчихөөд байгаа юм. Солонгос, Хятадын компаниуд нэгдсэн нэг зохион байгуулалттай, цэргийн системээр ажилладаг учраас зөрчил тэмцэл багатай ажлаа хийгээд гараад явчихдаг. Монголчууд хувь хүний зохион байгуулалттай буюу нэг, нэг бригадаараа ажил­ладаг. Ингээд хоорондоо муудалцаж зодолддог, бусдын юмыг эвдэлж хулгайлдаг гээд янз бүрийн асуудал үүсгэдэг. Иймэрхүү асуудлаас нь хүмүүс болгоомжлоод хятад, хойд солонгосуудыг авч ажиллуулдаг. Хөрөнгө оруулагч буюу барилга бариулах гэж байгаа хүнд зардал багатай, асуудалгүй ажиллах хүмүүс нь амар байдаг.
 
Гэтэл монголчууд элдэв асуудал үүсгэдэг гэд­гээр шалтаглах биш үндэснийхээ компа­ниудыг дэмжиж, эрх ашиг, иргэдээ бодож энэ хямралыг даван туулахгүй бол Монголын өнөөдрийн байгаа дүр төрх арай л биш байна. Монголыг муухай харагдуулж мухардуулах сонирхолтой ганц нэг хүмүүс байдаг. Бид түүнд өртөөд өөрсдийгөө муулаад яах юм бэ. Чадах ядахаараа л хичээж ажиллая.
 
-Одоо сонгуулийн өмнө салбар бүрийн бизнесмэнүүд үе үе чуулж тулгамдаж буй асуудал, цаашдын чиглэл зэрэг асуудлаа хэлэлцүүлэн дараагийн Засгийн газарт зөвлөмж хүргүүлэх ажлыг их хийж байна. Үүнийг улс төрийн намуудад ч хүргүүлж байгаа. Барилгын салбарынхны хувьд дараагийн Засгийн газарт дайх үг нь юу бол?
 
-Барилгын салбарт өртөг шингэдэг. Бүтээн бай­гуулалтын ажлууд маш их үнээр босдог. Инно­ваци, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг шаард­сан ийм том салбарыг заавал төрийн бодлогоор чиглүүлж байх ёстой.
 
Өнөөдөр энэ салбарт 70 мянган хүн ажиллаж, тэдний гэр бүлийн 300 мянга гаруй хүн энэ салбараас шууд хооллож байна шүү дээ. Шууд бусаар буюу “Нарантуул”, “Дүнжингарав”, Зуун айл, Гурвалжингийн гүүрэн дээр барилгын материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа хүмүүс мөн л энэ салбараас амьдралаа залгуулж байгаа. Барилгын салбарын оролцоогүй нэг ч аж ахуйн нэгж байгууллага байхгүй. Ийм их өртөг шингэсэн том салбар бодлогогүй явчихвал ёстой баларна шүү дээ. Бүр Засгийн газрын хэмжээний том бодлого хэрэгтэй. Салбарыг ямар ч бодлого, чиглэлгүй авч явбал маш олон хөрөнгө оруулалт буцдаг. Мөн бид алсыг харж, том сэтгэмээр байна.
 
Өнөөдөр монголчуудын эдийн засаг хямралтай, ядуу байгааг далимдуулаад хаашаа ч тэлэхээргүй бүрэн цутгамал барилгыг хэтэрхий их барьчихлаа. Гэтэл хэдэн жилийн дараа эдийн засаг буцаад сэргэнэ. Монгол хүний зан үйл, соёл ялгарна. Ялангуяа, монгол хүн хаашаа ч хөдлөх боломжгүй дөр­вөн ханан дунд байх сонир­холгүй. Өнөөдөр Дарханы 16 давхар барилгын цахилгаан шат ажил­лахгүй, дээд талын айлуудын байр зарагдахгүй байна шүү дээ. Энэ зов­лон хэдхэн жилийн дараа нийслэлийн бүрэн цутгамал байртай хүмүүст ирнэ гэдгийг одооноос тооцоолох хэрэгтэй.
 
-Ингэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг барилгын салбарт татах боломж хэр байдаг юм бол?        
 
-Гадаадын иргэн Монголд хөрөнгө оруулж, барилга байшин босгох гэхээр нь бид тал талаас нь боорлож дайраад явуулчихдаг шүү дээ. Энэ бол Абдул Каримыг л цааш түлхсэн төдий асуудал биш. Эдийн засгаа тэлж, эргэлт хийх гэж байгаа хүмүүсийн хувьд хохиролтой. Энэ бол одоо ч хуучраагүй сэдэв. Бид гадаадын хөрөнгө оруулалтаар хотын төвд барьж байгаа байшинг нь ад үзээд байдаг юм байна.
 
Гэтэл бид нүдэн дээрээ харагдаж байгаа зүйлээ соёлт хүн төрөлхтөний адил цаашлуулж харж болно шүү дээ. Хүн нүднийхээ томоор биш ухааныхаа хэрээр хардаг. Тиймээс бид одоо үл хөдлөх хөрөнгийн тухай ойлголтоо нэмэгдүүлж, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа сайн судалж мэдэх хэрэгтэй. Монголд хөрөнгө мөн­гөтэй хүнд дургүй хоц­рогд­сон ойлголт байсаар л байна. Ингээд байвал Монголд хэн хөрөнгөжиж, ямар баян хүн тогтох юм бэ. Монголд эдийн засгийн хувьд хүчирхэг хүмүүс ирж байх ёстой. Тэгж байж энэ дэд бүтэц, Монголын эдийн засаг хөдөлнө.
 
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин