sonin.mn

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн банк /ДБ/ 2016 оны нефтийн үнийн талаарх урьдчилсан таамгаа 37 доллароос 41 доллар болгож өсгөлөө. Энэ тухай тус банкны “Түүхий эдийн зах зээлийн хэтийн төлөв” тайлан мэдээнд дурджээ. Уг тайлан мэдээг мягмар гарагт нийтэлсэн байна.

“Зах зээлд оролцогчдын урам зориг дээшилж, долларын ханш суларч байгаатай холбоотойгоор 2016 оны нэг торх нефтийн үнийн урьдчилсан таамгийг ДБ 37 доллароос 41 доллар болгож өсгөлөө. Ингэхдээ зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл буурна гэж таамаглаж байна” гэж тайлан мэдээнд онцлон тэмдэглэжээ.

Эрчим хүчний эх үүсвэр болох нефть, байгалийн хий болон нүүрсний үнэ 2016 онд өмнөх оныхоос 19.3 хувиар буурна гэж ДБ-ны шинжээчид үзэж байна. “Эдгээр түүхий эдийн үнэ нэгдүгээр сард 24.7 хувиар буурна гэж урьдчилан таамаглаж байсан одоо аажмаар буурах төлөвтэй байна” гэж ДБ-ны тайлан мэдээнд дурджээ.

Тайлан мэдээнд мөн "нефтийн үнэ доогуур байгаагийн улмаас шилжилтийн эдийн засагтай болон хөгжиж буй зарим оронд байгалийн баялгийг олборлох төслүүдийг түр болон бүрмөсөн зогсоосон” болохыг онцлон дурдсан байна. “Ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд саатал гарч байгаа нь түүхий эдийн үнийн ийм уналтыг даван гарах чадваргүй орнуудад сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд улмаар ил тод байдлыг үгүй хийж, төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх, макро эдийн засгийн нөхцлийг сайжруулах боломжийг алдагдуулна. Тиймээс эдгээр орнууд олборлох салбарт шинэ зүйл хийхээсээ өмнө  түүхий эдийн үнэ өсөхийг хүлээх хэрэгтэй” гэж ДБ-ны Хөгжлийн хэтийн төлөв бүлгийн захирал Айхан Коуз мэдэгдсэн байна.

ДБ “Түүхий эдийн зах зээлийн хэтийн төлөв” тайлан мэдээг улиралд нэг удаа бэлтгэн гаргадаг аж.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг