sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдээс ямар нэг санал гараагүй тул Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нар танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Шударга ёс" эвсэл бүлгийн түвшинд асуудлыг ярилцаж, байр сууриа нэгтгэх шаардлагатай тул завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Ингэхэд УИХ-ын дарга З.Энхболд "Завсарлага авмааргүй байна. Намуудад нэр дэвшигчдээ тодруулах боломж олгох хэрэгтэй байна" гэсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, "Сонгуулийн санал авах хоног өдөр өдрөөр ойртож байна. Өнөөгийн ярилцаж буй асуудал сонгуулийн үйл явцад нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тухайлбал, иргэний шилжилт хөдөлгөөн 4 дүгээр сарын 30-наас тасалбар болно. Өөрөөр хэлбэл гуравхан хоног үлдээд байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа цаг тулчихаад байна. Энэ мэт сонгуультай холбоотой үйл явц эхэлж байхад цаг алдмааргүй байна" гэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд, "Түр завсарлага өгч байна. Гэхдээ 5 хоногоор өгөх боломжгүй. Тус эвсэл асуудлыг хурдан ярилцах хэрэгтэй. Үдээс хойш ч эргэж асуудлыг ярилцах бололцоотой" гэв. Үүгээр чуулган дараагийн асуудалдаа оров.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг