sonin.mn

ТОКИО. /NHK/. Шинээр атомын цахилгаан станц /АЦС/ барихаар төлөвлөж буй Туркийн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн хэсэг хүмүүс жагсаал хийж байна.

Туркийн Засгийн газар тус улсын хойд хэсэгт орших Синоп хотод АЦС барьж эхлэн 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Чернобылийн АЦС-ад осол болсны 30 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Синоп хотод цөмийн эрчим хүчийг эсэргүүцсэн жагсаал цуглаан ням гарагт болсон байна.

ЗХУ-ын үед 1986 онд болсон Чернобылийн осол нь Хар тэнгисийн нөгөө эрэгт орших Синоп дахь загас агнуур болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлжээ. Нутгийн зарим иргэд эрүүл мэндийн асуудлаар ч гомдол гаргадаг байна.

Харин Синопын зарим иргэд уг төсөл шинээр ажлын байр бий болгосноор бүс нутгийн эдийн засагт үр өгөөжтэй гэж үзэж байна. Гэтэл зарим нь газар хөдлөлтийн эсрэг хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаатай холбоотойгоор төслийг эсэргүүцэж байгаа юм.

Түүний зэрэгцээ, "Лалын улс"-ын цэргүүд Туркт ойр ойрхон халдлага үйлдэж байгаа нь АЦС руу террористууд халдах эрсдэлтэйг харуулж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг