sonin.mn

Манай улс Зөгийн балны хэрэгцээнийхээ 90 хувийг гаднаас 10 хувийг дотоодоос хангадаг байна. Зөгийн балны хэрэгцээг дотоодын хүчин чадлаар бүрэн хангахын тулд  зөгийн аж ахуйг бодлогоор дэмжих нь чухал гэдгийг зөгийчид онцоллоо.  

“Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ-аас  “Элит” төвд зохион байгуулсан “Гайхамшгийг хамтдаа бүтээцгээе” симпозиумын үеэр зөгийчдөө сургах, хэрэглэгчдийн зөгийн балны талаарх мэдлэгийг тэлэхээс эхлээд хийх ажил их байгааг оролцогсод тодотгож байна.  

Улсын хэмжээнд 563 зөгийчин байгаагийн тал хувь нь  Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гишүүн аж. Тэд зөгийн аж ахуйг сэргээхээр нэгджээ.

“Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Туяа  “Монгол Улс жилд  600 тонн зөгийн бал хэрэглэдэгээс 500 тонныг экспортлож байна. Манай нийгэмлэг зөгийчидтэйгээ хамтран  2018 онд “Монгол зөгийн бал”-ыг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буй юм. Бидний хамгийн эхний ажил зөгийн балыг 40 бидонд савлаж шанагдан зарах бус ариун цэврийн шаардлага хангасан савлагаатай болгож экспортлох, дотоодын хэрэглээг бүрэн хангахад чиглэнэ. Манай нийгэмлэг  Японд хүмүүсээ сургаж зөгийний 12 зөвлөхийг бэлтгэсэн. Өнгөрсөн жил бид 162 кг зөгийн балын түүхий эдийг Японд экспортлосон. Экспортын үнэ хямд байна. 1 кг зөгийн бал 5 ам. долларт ч хүрэхгүй байгаа. Энэ нь бид бүтээгдэхүүнээ баталгаажуулж чадаагүйн хор уршиг. Цаашид зөгийний аж ахуйг дэмжихэд санхүүжилт чухал. Тиймээс энд төрийн дэмжлэг хэрэгтэй ” хэмээн ярив.

Симпозиумд “Өмнө-өмнөдийн хамтын ажиллагааны төслийн зөгийн техникч Ту Жинжиан “Зөгийн арчилгаа, маллагааны технологийн ялгаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр Монгол-Хятадын зөгийчдийн ялгаа, тэдний гаргаж буй технологийн алдаа, мэдлэг туршлагыг хэрхэн сайжруулах  талаар ярив.  Зөгийн технологийг сайжруулснаар зөгийчдийн орлого нэмэгдэх, зөгийн балнаас гадна жилий, сүүнцэр авах технологийг нутагшуулах нь чухал гэдгийг илтгэлдээ дурдлаа.

Манай зөгийчид эх нутагтаа Европын бараан, Карпат, Алс Дорнод, Кавказын уулын орог, Башкир зөгийг нутагшуулжээ.

 Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг