sonin.mn
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт хуралдаж, намын жагсаалт Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Үргэлжлэл нь тун шуурхай явж байна. АН, МАН тойрог жижигрүүлэх тохиролцоогоо хийсэн.
 
Одоо УИХ уг дүгнэлтийг хүлээн авах процесс нь явагдаж байна. Юутай ч энэ Их хурал Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь тов тодорхой. Учир нь анхнаасаа ийм “тавилт”-тай эхэлснийг олон эх сурвалж хэлж байгаа.
 
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлийн 8.4-т “...Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно”, 8.5-д “...Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.
 
Эндээс үзэхүл 2012 онд намын жагсаалтаар сонгогдсон, өдгөө Их хуралд сууж буй 28 гишүүний асуудал яригдаж таарах нь. Өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр Их хурлын эрх зүйн чадамжтай гишүүн мөн үү гэсэн асуулт гарч ирж байна. Цэцийн тухай хуулиар бол одоогийн нэр бүхий 28 гишүүн Үндсэн хууль зөрчөөд намын жагсаалтаар сонгогджээ.
 
Харин АН, МАН-ын зарим гишүүн “...Цэцийн шийдвэр болоод өнгөрсөн асуудалд үйлчлэхгүй” гэж тайлбарлаж байна. Одоогийн гишүүдийг эргүүлэн татах нөхцөл бололцоо, хуулийн гаргалгаа байхгүй гэдгийг хэлж байгаа хэрэг. Тийм ч байж болно. Гэвч Монгол төрийн түшээдэд ёс суртахууны хариуцлага, бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх ёс зүй байх ёстой.
 
Энгийнээр ойлгоход, Цэц дүгнэлт гаргаад намын жагсаалт хууль бус гэчихлээ.
 
Ийм нөхцөлд жагсаалтын гишүүд сайн дураараа эрхэм гишүүний бүрэн эрхээс татгалзах ёстой гэсэн үг. 2012 онд намын дарга, олон жил Их хуралд суусан эрхмүүд л голчлон намын жагсаалтаар Их хуралд орж ирсэн байдаг. Жишээ нь, Цэцийн дүгнэлтийг хамгийн түрүүнд дэмжиж хүлээн авсан эрхэм гишүүн Д.Дэмбэрэл гэхэд л бусдыгаа уриалаад бүрэн эрхээсээ тагалзахад юу нь болохгүй гэж. Тэр Их хурлын дарга байсан. Олон жил Их хуралд суусан, туршлагатай парламентч гэж намтраа тодотгодог нэгэн. Өдгөө тэрээр намын жагсаалт буруу байжээ гэдгийг хүлээн зөвшөөрч гараа өргөсөн. Бас  Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд гээд “туршлагатай парламентчид” энэ 28 дотор зөндөө байна.
 
Тэдний хувьд бүрэн эрхээсээ татгалзах нь мэдээжийн хэрэг хүнд шийдвэр байж болно. Дэндүү их эр зориг шаардаж байж мэдэх юм. Гэвч чуулганы танхимд олон жилийн турш, өдөр бүр хууль дүрэм,  шударга ёс ярьдаг тэднээс энэ зэргийн шийдвэр гарах учиртай сан.
 
Жагсаалтын 28-ын хэн нь ч юм, “...Манай жагсаалтынхаан, бүгдээрээ бүрэн эрхээсээ татгалзацгаая” гээд гараад ирж гэмээж нь Монголын төрт ёс, парламентын төлөвшилд өгөх “Ок”  үнэлгээ болж таарна.
 
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин