sonin.mn

АФИН. /ВВС/. Бразилын Рио-Де-Жанейро хотод олимпын наадам эхлэхээс 100 хоногийн өмнө олимпын бамбарыг Бразилын эрх баригчдад Афин хотноо гардуулан өглөө.

Олимпын бамбар ирэх долоо хоногт Бразилд хүрэх бөгөөд наймдугаар сард наадам эхлэхээс өмнө бамбарыг орон даяар тойрон аялуулах юм.

Олимпын цэнгэлдэх хүрээлэн бараг бэлэн болсон хэдий ч зарим төслүүд саатаж болзошгүй байгаад санаа зовж байна гэж Рио хотын дарга Эдуардо Паес мэдэгдэв. 

Ерөнхийлөгч Дилма Руссефф-т итгэл үзүүлэх эсэх асуудлаар дэгдсэн шуугиантай холбоотойгоор олимпын наадмын үеэр төрийн эрхийг хэн барих нь тодорхойгүй болоод байна. Бразилд сүүлийн хоёр жил дараалан эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоор ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрч нэмэгджээ.

Үүнээс гадна Рио хотын ядуусын хорооллуудад амьдардаг хэд хэдэн иргэн цагдаа нарын гарт амиа алдсаныг “Rights group Amnesty” байгууллага буруушаасан байна. Тус байгууллагын мэдэгдсэнээр, энэ сард л гэхэд цагдаа нар 11 иргэний амийг хөнөөжээ. Өнгөрсөн жил ийм байдлаар 307 хүн амиа алдсан байна.

Гэсэн хэдий ч Рио хотын зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Нузмэн хэлэхдээ "олимпын бамбарыг бразилчууд хүлээн авсан бөгөөд одоо Рио-Де-Жанейро хот түүхийг бүтээхэд бэлэн боллоо" гэж мэдэгджээ.

Олимпын бамбар Швейцариар дайрч ирэх сарын 3-нд Бразилын нутагт хүрнэ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг