sonin.mn
Бид багадаа “Атан тэмээ сөөг сөөг” гээд л цох хэмээх хөөрхөн амьтнаар тоглодог байлаа.  Эмээ өвөө маань ч “Энэ амьтныг алж болохгүй” гэж захидаг байсан. Энэ нь ч учиртай. Шүрэн цох бол  байгаль орчинд маш их ач холбогдолтой юм.  
 
Ургамал, жимс, газар тариаланд хор хөнөөлтэй гэгддэг хортон шавьжнуудын армийн гол дайсан нь билээ.  Ер нь газар тариалангийн салбар, ой хөвчийн экосистемийг энэ шавьжгүйгээр төсөөлшгүй бөгөөд ногоон ирээдүйн талаар ч яриад хэрэггүй.   Өндөр хөгжилтэй оронд энэ талаарх судалгааг аль хэдийнэ эхлүүлж, гандсан газар нутаг, үр тариа дээрээ шүрэн цохыг шуудай шуудайгаар нь асгаж хортон шавьжтайгаа тэмцдэг. Мөн цох үржүүлэх цех, үйлдвэрүүд ч ногоон эдийн засгаа даган хөгжиж иржээ. Харин манай оронд байдал эсрэгээрээ байна.  
 
Байгаль орчинд хамгийн хортой аргаар хортон шавьжтайгаа тэмцэж байгаа юм. Хортон шавьжны эсрэг химийн хор цацах нь эргээд ашигтай шавьжаа хөнөөх, мөн ургаж буй үр тариа, жимс жимсгэнэ, самар зэргийн органик байдлыг алдагдуулдаг байна. Харин ХААИС-ийн Ургамал хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс шүрэн цохны талаарх судалгааг эхлүүлж үржүүлж эхэлсэн талаар саяхан дуулгасан.  Энэ мэдээг олзуурхан хүлээн авч, Ургамал хамгааллын хүрээлэнг зорилоо. Тэнд дөрвөн зүйлийн 20 гаруй шүрэн цох, шаргал нүдэнг үржүүлж байна. Шаргал нүдэн хэмээх далавчит шавьж нь мөн хортон шавьжтай тэмцдэг байгалийг эмчлэгч юм.  Хумсын толионоос ч жижиг­хэн энэ хоёр шавьжийг хооллож, өсгөн, үржүүлнэ гэдэг ёстой л эрдэмтэн хүний хийх ажил ажээ.  
 
Эдгээр ашигтай шавьжнуудынхаа талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил­тан, доктор, профес­сор Ч.Чулуунжав танил­цууллаа. Тэд шүрэн цох үржүүлэх судалгааг гурван жилийн өмнөөс эхлүүлжээ.  Одоогоор су­дал­гааны ажил эхний шатандаа яваа гэнэ.  Байгаль дээрээс авчирсан шү­рэн цохыг лабо­раторийн нөхцөлд дас­гаж, хооллож, үржүүлнэ гэдэг тийм амар ажил байсангүй. Гэхдээ судалгааны багийнханд дэвшилттэй зүйл олон буй гэдгийг дуулгаж байна.  
 
Үржүүлсэн шүрэн цохоо хүлэмжид тавьж, ан хийлгэх ажлыг ирэх сараас эхлүүлнэ гэлээ. Доктор, профессор Ч.Чулуунжав “Манай хоёр хөршид энэ шавьжийг хэдэн мянгаар нь үйлдвэрлэж байна.  Өөр улс оронд импортлож, экспортлох хэмжээнд хөгжиж чадсан. Харин манай улс энэ асуудлыг тоохгүй юм. Хортон шавьжны эсрэг химийн бодис нь бизнесийн сүлжээ болжээ. Энэ ашгаа алдахгүйн тулд тодорхой хэсэг нь байгаль орчноо сүйтгэж байна. Бид биологийн хөгжлөөрөө хойд Солонгосоос хоцорч явна” гэсэн юм.  Өмнө нь тус лабораториос хүлэмжийн нөхцөлд ашигладаг инкарз гэх ашигтай шавьжийг судлан үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэмжээнд хүргэж чадсан ч хэн ч тоогоогүй, мөн хөрөнгө мөнгөний асуудлаас болж замхарчээ.
 
Харин судлаачид энэ удаагийн шүрэн цохны судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй шавьжийг олноор үйлдвэрлэдэг улс орон болох мөрөөдлөө тийм ч амархан хаячихгүй гэдэг нь ярианаас нь мэдрэгдэж байв.  Одоогоор Монголд 80 гаруй зүйлийн шүрэн цох байгаагаас хоёр, найм, арвандөрвөн толбот гээд таван зүйлийг үржүүлж байна.  Мөн судлаачид шүрэн цохын иддэг хортон шавьжийг үржүүлж байгаа бөгөөд авгалдайгаар нь хооллох зориулалттай ажээ.  Мөн шүрэн цох зөгийн бал, уураг шингээсэн зүйлийг шүүн хооллодог байна.
 
Жилдээ 2-3 удаа өндөглөж, 20-30 авгалдай гаргадаг бөгөөд тэрнээс амьдрах чадвартай нь байгалийнхаа хуулиар үлдэж, 2-3 жил насалдаг гэсэн судалгааг гаргажээ.  Ийнхүү Монголын нэгэн ургамал судлалын лаборатори ашигтай шавьж үржүүлж эхэллээ. Ургамал, ой мод руугаа хор цацаж хамгаалах биш жинхэнэ байгалийн аргаар нь ашигтай шавьжаар хортнуудтай тэмцэж хамгаалах зорилго нь биелэх цаг удахгүй байгаасай.
 
 
 
Мөн судлаачид шүрэн цохын иддэг хортон шавьжийг үржүүлж байгаа бөгөөд авгалдайгаар нь хооллох зориулалттай ажээ.  
 
 
Жилдээ 2-3 удаа өндөглөж, 20-30 авгалдай гаргадаг.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин