sonin.mn
 
 
ЛОНДОН./TASS/. Их Британи улс еврогийн бүс болон Шенгений хэлэлцээрт хэзээ ч нэгдэхгүй, гэхдээ Европын Холбооны хүрээнд эдийн засгаа хөгжүүлнэ гэж Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон "Экспресс энд стар" сонины уншигчдын асуултад хариулахдаа мэдэгджээ.
 
“Шинэчилсэн хувилбараар байгуулагдсан Европын Холбооны гишүүн хэвээр байснаар бид 500 сая хүнтэй нэгдсэн зах зээлд нэвтрэх боломжоо хэвээр хадгалан үлдэх болно. 
 
Ингэснээр ажлын байр болон хөрөнгө оруулалт нэмэгдэж, үнэ буурах боломжтой. Гэсэн хэдий ч бид ЕХ гэдэг супер улсын нэгэн хэсэг хэзээ ч болохгүй. Бид еврогийн бүсэд хэзээ ч нэгдэхгүй, энэ бүсийн орнуудад татаас өгөхөд хэзээ ч оролцохгүй” гэж Кэмерон онцлон тэмдэглэлээ.
 
Үүнтэй холбогдуулан дурдахад, ЕХ-ны зах зээлд экспортлож буй бараа, үйлчилгээ нь Их Британид 3 сая ажлын байрыг бий болгож байгаа юм.
Их Британи улс ЕХ-нд цаашид үлдэх үү гэсэн асуудлаарх бүх нийтийн санал асуулга 6 дугаар сарын 23-нд болох гэж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулах нь Кэмероны сонгуулийн өмнөх кампанит ажлын нэг хэсэг  болж байгаа ажээ.
 
Кэмерон 2 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Их Британийн ЕХ-н дахь гишүүнчлэлийг онцгой нөхцлөөр авч үзэх тохиролцоог Брюссельтэй хийсэн билээ. Уг тохиролцоонд Британийн парламентад илүү өргөн эрх мэдэл олгох, фунт стерлингийг хэвээр хадгалах, ЕХ-ноос ирэх цагаачид Их Британийн нийгмийн халамжид хамрагддаг байдлыг зогсоох замаар цагаачлалын хууль тогтоомжийг чангатгах зэрэг асуудлууд багтжээ. Кэмероны үзэж байгаагаар бол, эдгээр тохиролцоог хийснээр ЕХ-нд улс орноо хэвээр байлгахыг дэмжих санаа бодлыг их британичуудад төрүүлэх гэнэ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг