sonin.mn
Монгол Улсын Засгийн газар Хонконгтой Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас зарим зүйлийг тодруулав. 
 
-Өнөөдөр өргөн барьсан Ялтан шилжүүлэх хэлэлцээрийн талаар тайлбар өгөөч?
 
-Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр монгол иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгаа. Энэ байдлыг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчдог зарим улс орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах чиглэлээр судлан ажилладаг.
 
Энэ удаад БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн Засгийн газартай Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн мэдүүлээд байна.  
 
-Хонконгод монголын хэдэн иргэн хоригдож байна вэ? Гэрээ байгуулбал хоригдож буй иргэд эх орондоо хүрэлцэн ирэх нөхцөл бүрдэх үү? 
 
-Хонконг Монголын хооронд иргэдийн болон бизнесийн маш олон төрлийн идэвхтэй харилцаа өрнөж байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын 30-аад иргэн цагдан хоригдож, 10 орчим иргэн, голдуу хулгайн хэргээр ял шийтгэгдсэн. Яг өнөөдрийн байдлаар 6 монгол хүн ял эдэлж байгаа.
 
Харин Монголд ял эдэлж байгаа Хонконгийн иргэн байхгүй. Тэнд хоригдож байгаа монголчуудаа эх оронд нь авчрах эрх зүйн үндэс бүрдүүлэх үүднээс Монголын тал 2012 онд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал, төслөө хүргүүлж, Хонконгийн тал саналыг дэмжиж төслийг эцэслэн тохиролцсон.
 
Ингээд Монгол Улсын Хууль зүйн сайдын энэ оны хоёрдугаар сард Хонконг-д хийсэн Хонконгод хийсэн айлчлалын үеэр 12 зүйл бүхий хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрээр харилцах байгууллага, шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулсан юм. 
 
Хууль батлагдвал Хонконг Монголын хоордонд эрх зүйн салбарт хамтран ажиллаж, ялтан солилцох асуудал иж бүрэн шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл ял эдлэж буй монгол иргэдийг шилжүүлэн авч, эх орондоо ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэх, манайд ял эдлэж буй хонконгийн иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ.
 
-Монгол Улс хэдэн улстай Ялтан шилжүүлэх хэлэлцээртэй байдаг вэ? 
 
-Өнөөдрийн байдлаар Монгол Улс 8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулаад байна. Тодруулбал БНСУ, БНХАУ, Канад Улс, ОХУ, Бүгд найрамдах Польш улс, Бүгд найрамдах Турк улс болон Бүгд найрамдах Куба улс, Бүгд найрамдах Энэтхэг улстай энэ төрлийн гэрээ байгуулсан байдаг.
 
Н.Гантуяа
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг