sonin.mn
2016 оны УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах, сурталчилгааг хэрхэн явуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд сургалт явуулав.
 
Сургалтыг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа удирдан, явуулж 30 гаруй сэтгүүлчид оролцлоо. Сургалтын эхэнд СЕХ, Харилцаа холбооны зохицуулах холбооноос /ХХЗХ/ энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын талаар ерөнхий мэдээлэл өгөв.
 
Тус журамд Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хугацаа нь хоногт 60 минутаас хэтрэхгүй байх, нэр дэвшигч дагнасан сурталчилгааг хоногт 15 минутаас хэтрүүлэхгүй, нэг нам, эвслийн нэр дэвшигчийн гаргасан сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй мэдээг хоногт 5 минутаас хэтрүүлэхгүй, Мэтгэлцээнийг нэг нам, эвслийн бус хэд хэдэн нэр дэвшигч, бие даагчаас 4-өөс доошгүйг хамруулан явуулах, Цаг үеийн шинжтэй үйл явдлын мэдээ мэдээлэл, боловсролын болон хүүхдийн нэвтрүүлгийн дундуур сонгуулийн сурталчилгаа явуулахгүй байх, Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн явуулах, Сонгуулийн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн гаргахыг хориглоно гэх мэт зохицуулалтыг тусгаж өгчээ.
 
Харин цахим сайтуудын хувьд зөвхөн нэр дэвшигчийн болон нам эвслийн уриа, лого бүхий баннерыг холбоос болгож байршуулах аж. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах өөрийн сайт-тай байх бөгөөд бусад сайтууд зөвхөн холбоос байрлуулах эрхтэй юм байна.
 
Хэвлэмэл бүтээгдэхүүний хувьд нэг нэр дэвшигч А4-ийн 8 нүүрээс илүүгүй сонин, сэтгүүл бэлтгэн гаргах үүрэгтэй аж.
 
Нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглох юм.
 
Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн сурталчилгаа явуулах өдөр 6 дугаар сарын 11-нд эхэлж, нийт 18 хоног үргэлжилнэ.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг