sonin.mn
НҮБ./TASS/. Йемен улсын 7,8 сая гаруй ард иргэд хүнс тэжээлийн хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдэхэд тун ойрхон болоод байна гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын Ажиллагааны хэлтсийн захирал Жон Гинг тус улсад очоод ирснийхээ дараа мэдэгдлээ.
 
Түүний ярьснаар, Йемений 10 сая гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай байгаа бол 7,5 сая хүн цэвэр усаар гачигдсаар байна. Түүнээс гадна, 2,5 сая хүн улс орныхоо дотоодод дүрвэжээ.
 
Тус улсад 2015 оны 3 дугаар сард иргэний дайн дэгдэхээс өмнө ч гэсэн байдал хүнд байсан аж. Йеменд дэгдсэн энэ дайн бол дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй дөрвөн том хүмүүнлэгийн хямралын нэг юм.
 
Хэдийгээр НҮБ йеменчүүдэд тусламж үзүүлэхийг уриалсаар байгаа боловч улс орнууд уриалгыг төдийлөн идэвхтэй хүлээж авахгүй байна. Үүнтэй холбогдуулан Жон Гинг хэлэхдээ “бид 1,8 тэрбум доллар хэрэгтэй гэдгийг тайлбарлан уриалга гаргасан боловч таван сарын хугацаанд энэ мөнгөний ердөө 16 хувийг л бүрдүүлж чадлаа” гэлээ.
 
Түүний хэлснээр, хамгийн их буюу 76 сая долларыг АНУ хандивлажээ. Харин Их Британи 54 сая, Европын Холбоо 30 сая, Япон улс 27 сая долларыг тус тус шилжүүлээд байгаа аж. 
 
Йемений сөргөлдөөнд засгийн газрын талд хөндлөнгөөс оролцож буй Саудын Арави гэхэд өнгөрсөн онд 240 сая доллар хандивлаж байсан бол энэ онд ямар ч тусламж өгөөгүй байна.
 
Түүний сацуу, иргэний дайны хөлд 6400 гаруй амиа алдаж, 30 мянга гаруй хүн шархадсан тухай НҮБ-ын мэдээлэлд дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг