sonin.mn
 
ТОКИО. /NHK/. Хятадын өндөр дээд албан тушаалтан Хонконгод хийсэн айлчлалынхаа үеэр салан тусгаарлах үзэлт улстөрийн хөдөлгөөний идэвхтнүүдийг буруушаажээ.
 
 
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян лхагва гарагт болсон хүлээн авалт дээр үг хэлсэн аж. Тэрбээр Хятадын Коммунист намын гуравдахь өндөр дээд албан тушаалтан юм.
 
Жан Дөзян хэлэхдээ "төв засгийн газрыг цөөн тооны хүмүүс эсэргүүцэж Хонконгийг салан тусгаарлах бодолтой байна. Ийм зорилготой хөдөлгөөнийхөн улс орныг таслан хувааж,  “нэг улс, хоёр систем” зарчмын үндсэн санааг үгүй хийхийг хүсч байна" гэжээ.
 
Үг хэлэхийнхээ өмнө тэрбээр Хонконгийн ассемблейн ардчиллыг дэмжигч дөрвөн гишүүнтэй уулзсан байна. 2014 онд оюутнуудын тэмцэл хөдөлгөөн Хонконгийн төвд болж ардчилсан сонгууль явуулахыг шаардан жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ. Эрх баригчид тэднийг албадан тараасны дараа Хонконгийн тусгаар тогтнолын төлөөх улс төрийн үйл ажиллагааг хэсэг хүмүүс явуулж эхэлсэн байна. 
 
Ажиглагчдын үзэж байгаагаар, илүү радикал улстөрийн идэвхтэнүүдийг тусгаарлахын тулд ардчиллын төлөөх хөдөлгөөний аядуу үзэлт удирдагчидтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Бээжин  харуулж байгаа аж.
 
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг