sonin.mn
 
ШӨХТГ-аас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаар Сонгуулийн тухай хууль болон “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д сонгуулийн сурталчилгааг олон нийтийн радио телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио телевизээр л нэвтрүүлнэ гэсэн заалтыг зөрчиж зарим телевиз, радиогийн сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг нь хаасан асуудлыг хөндсөн мэдээлэл хийв.
 
Кабелын телевизүүд нэгдэн СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг хүргүүлж, асуудлаа нааштай шийдвэрлүүлсэн. Гэвч сонгуулийн сурталчилгаанд хэрхэн хяналт тавихыг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр онцлон мэдээлэв.
 
Одоогоор “Масс”, “ТВ1”, “Сүлд”, “ОNTV”, “Рояал”, “MNC”, “NBS”, “TV10”, “SEVEN”, “Olloo”, “Малчин” телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулах болсон. Ингэснээр сонгуулийн сурталчилгааг нийслэлийн 29 телевиз, 31 радио, орон нутгийн 74 телевиз, 96 радиогоор нэвтрүүлэхээр болжээ.
 
"Медиа Порт" телевизүүдийн консорциумаас СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороог телевизүүдийн сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг хязгаарласан шийдвэрийг Шударга өрсөлдөөний талаас хянаж өгнө үү гэж ШӨХТГ-т ханджээ. Энэ асуудлыг ШӨХТГ анхаарч хувийн телевиз болон арилжааны телевизүүдийг сонгуулийн сурталчилгаа явуулах эрхээр нь хангаж өгчээ. Гэвч хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийн 70.1 дүгээр зүйлд заасны дагуу ШӨХТГ сурталчилгаанд илүү хяналт тавих ёстой. Энэ үүргийнхээ дагуу ирэх 7 хоногт орон нутаг руу  байцаагч нараа явуулж, тодорхой чиглэлээр тусална гэдгээ Д.Мөнхтөр дарга мэдэгдлээ. 
 
Улаанбаатар хотод арилжааны телевиз, сонин, сэтгүүл, сайтад мониторинг хийх өргөн баг бүрдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн сард нэр бүхий сайт, телевизүүд сонгуулийн хуультай холбоотой хэд хэдэн зөрчил гаргасан тул зөвхөн  сануулах арга хэмжээ авчээ. Зөрчлөө дахин давтвал хариуцлага тооцох юм байна. Ийм асуудлаар  ШӨХТГ-ын гаргасан  дүгнэлтийг үндэслэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн аж ахуйн нэгжийн эрхийг 6 сар хүртэлх хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргана. ШӨХТГ-ын хувьд  аж ахуйн нэгжүүдийг аль болох соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлуулах үүднээс сануулах арга хэмжээг авна гэж Д.Мөнхтөр мэдэгдлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг