sonin.mn
 
2016.05.19
 
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ бүх конвенцуудаас “Хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц хамгийн олон оронд соёрхон батлагдсан байдаг. Одоогоор уг конвенцид 145 орон нэгдэн ороод байна.
 
Хөдөлмөрийн хяналтын үйлчилгээнд зориулсан олон улсын зарчмын лавлах энэ баримт бичиг 69 жилийн өмнөх шигээ хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Монгол Улс ОУХБ-ын гишүүн орны хувьд уг 81 дүгээр конвенцид нэгдэн орохоор зэхээд байгаа билээ.
 
Энэ асуудлын хүрээнд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсангаар ахлуулсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан саяхан болов. Уг хуралдаанаар хөдөлмөрийн хяналтын тогтолцоо, чиг үүрэг, зарчим, үүрэг хариуцлагын талаарх үндсэн суурь стандарт болон, гишүүн улс орнуудад мөрдөгдөж байгаа “Хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцид нэгдэн орох асуудлыг судлах, харьцуулсан судалгаагаар шинжлэх, соёрхлыг батлуулах үндэслэлийг судлах, танилцуулах асуудлыг авч хэлэлцлээ.
 
1947 оны энэхүү 81 дүгээр конвенц нь хөдөлмөрийн хяналтын үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, удирдамж, чиглэлийг өгдөг юм байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.