sonin.mn
 
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама удахгүй Хирошима хотод очих үеэрээ зэвсэглэлийг хураах асуудлаар ямар нэгэн шинэ санал санаачилга дэвшүүлэн тавихгүй гэж Цагаан ордны гадаад бодлогын зөвлөх Бен Родс мэдэгдлээ. 
 
1945 онд Хирошимад америкчууд атомын бөмбөг хаяснаас хойших хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа хүн тус хотод анх удаагаа очих гэж байгаа юм.
 
“АНУ-ын Ерөнхийлөгч гадаад улстөрийн бодлогын асуудлаар тусгайлан дэлгэрэнгүй үг хэлэхгүй. Бидний үзэж байгаагаар, Хирошима бол ийм асуудлаар ярилцахад тохиромжтой газар биш юм. Харин манай Ерөнхийлөгч дайны хор хөнөөл, цөмийн зэвсгийн аюулын талаар өөрийн санаа бодлыг хуваалцах нь илүү зохимжтой болов уу гэж бид үзэж байна” хэмээн Цагаан ордны зөвлөх шалтгааныг тайлбарласан байна.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Ерөнхийлөгч Обама Хирошимад очсоноор цөмийн зэвсгийг хорогдуулах, цаашдаа бүрмөсөн устгахын төлөөх хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт хэчнээн чухал болохыг харуулна” гэлээ 
 
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг