sonin.mn
КИЕВ./ТАSS/. Сар тутам 6-7 мянган хүн Украины армийн эгнээнд элсэн орж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Степан Полторак мэдэгджээ.
 
Түүний мэдээлснээр, сүүлийн дөрвөн сарын хугацаанд 27 мянган хүн гэрээт албан хаагчаар бүртгүүлсэн байна. “Ингэснээр хугацаат цэргийн албан хаагчдын тоо цөөрч, тэднийг бэлтгэхэд шаардагдах мөнгө хэмнэгдэхийн зэрэгцээ армийн байлдах чадвар, байлдааны бэлэн байдлын түвшин дээшилнэ. Шинээр гэрээт цэргийн албанд элсэгчдийн дунд байлдааны ажиллагааны туршлагатай хүмүүс бий” гэж сайд хэллээ.
 
Өнгөрсөн жилийн хугацаанд Украины армийн бие бүрэлдэхүүний тоо 280 мянгад хүрч бараг хоёр дахин нэмэгджээ. Одоогоор Донбасс дахь зааглах шугамын бүсэд Украины 70 мянган цэргийн албан хаагч байрлаж байгаа аж.   
 
Сайд С.Полторак цааш нь хэлэхдээ “одоо хэрэгжиж буй шинэчлэлийн үр дүнд 2020 он гэхэд Украины арми НАТО-гийн цэргийн стандартыг хангах болно” гэж онцлон тэмдэглэжээ.
 
Өчигдөр болсон Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн хуралдаанаар НАТО-гийн шинжээчдийн оролцоотойгоор бэлтгэсэн “Стратегийн батлан хамгаалалтын тойм”-ыг сайшаасан байна.
 
Д.Нямтулга 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг