sonin.mn
Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тухайлбал, “Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ.
 
Оффшор бүсэд данстай хүнийг АН нэр дэвшүүлэхгүй. Бусад нам ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна” хэмээн УИХ болон АН-ын дарга фэйсбүүк хуудастаа бичиж, сошиал ертөнцийн өөрийн дэмжигчдээс лайк цуглуулав. Түүний постын гол бай нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт. Тодруулбал,  С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт АН-ын дарга оролцон “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна.
 
Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн намыхаа гишүүнийхээ нэрийг цохсон юм. Татварын хөнгөлөлттэй бүс буюу оффшор данстай холбоотой мэдээллийн дуулиан энэ мэтчилэн тасрахгүй үргэлжилж, улам хурцдаж эхлэв.
 
...АН-ынхан хэн нэгнийхээ алдаан дээр дөрөөлж, шударга хүний дүр эсгэн ард түмнээс оноо цуглуулж эхлэв. Ямартай ч оффшор данстай гишүүдийн талаар төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ийнхүү өөрийн байр суурийг хурцхан илэрхийлж, оноогоо ахиулж амжсан бол гурав дахь нь одоогоор хөшигний цаана үлдлээ...
 
АН-ын даргыг дээрх мэдэгдлийг хийхээс өмнө буюу энэ сарын 14, 15-нд Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллах үеэр “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Оффшор гэдэг нь эргийн гадна гэсэн үг. Татварын чөлөөт бүс.
 
Бид хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Хүмүүстэйгээ хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой гэж бодож байна. Эхний ээлжид төрийн албан хаагчид эргийн гаднах үйлчилгээ авахыг хориглох ёстой гэж бодож байгаа. Төрийн албан хаагчдад ийм үйл ажиллагаа явуулахыг хориглодог, шийтгэдэг болох ёстой  гэдэгт санал нэг байгаа. Цаашдаа Монгол Улс энэ чиглэлд хатуу хуультай болох ёстой. Би Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. Чи сонгуульд нэр дэвшихээ боль, чи хариуцлага хүлээх ёстой.
 
Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүний ажил хийгээд яваа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ Монголын төр салж чаддаг байх ёстой. Тиймээс нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрчихсөн хүн УИХ-д дахиж нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” хэмээн тайлбар хийж, иргэдийн алга ташилтаар шагнуулаад амжсан. Сонгуулийн санал авах өдөр дөхөх тусам АН-ынхан хэн нэгнийхээ алдаан дээр дөрөөлж, шударга хүний дүр эсгэн ард түмнээс оноо цуглуулж эхлэв.
 
Ямартай ч оффшор данстай гишүүдийн талаар төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ийнхүү өөрийн байр суурийг хурцхан илэрхийлж, оноогоо ахиулж амжсан бол гурав дахь нь одоогоор хөшигний цаана үлдлээ. Товчхондоо, олон жилийн нөхөрлөл нь Ерөнхий сайдын амны “үдээс” байж болох юм. Өнгөрсөн оны сүүлээр Н.Алтанхуягийн Засгийн газар унах үед С.Баярцогтыг ЗГХЭГ-ын дарга болгож, “давхар дээл” өмсүүлсэн эрхэм бол Ч.Сайханбилэг. Тэдний багын нөхөрлөл улс төрийн хүрээнд ийнхүү батжиж, нэгнийхээ арыг хамгаалах үндэс болж буй.
 
АН-ын даргын фэйсбүүкт бичсэн мэдэгдлийн сэтгэгдэл хэсэгт нэгэн иргэн “Одоо С.Баярцогтыг найзтай нь цуг Америк руу алдчихгүй  барьж аваад шалгах хэрэгтэй. С.Баярцогтыг хамгаалагч Дубайн автор Ч.Сайханбилэгийг ч шалгах хэрэгтэй” хэмээн тодотгожээ. Энэ мэтчилэн хоёр эрхэмд хандсан сэтгэгдэл ар араасаа хөвөрч байна. Ийнхүү АН-ынхан сонгуулийн сургаар “хөнжил дотроо хөлөө жийлцэж”  нэгнийгээ баалж байна. Энгийнээр бодоход улс төрийн том хөлгийг залуурдаж яваа удирдагчид нэг зүгт харж чадвал Монгол Улсыг хөгжилд хүргэх хөлөг алгуурхан урагшилна.
 
Эс бөгөөс зогсонги байдалд орж, тэр ч бүү хэл хөлөг хойшоо ухрахыг ч үгүйсгэхгүй. Гэтэл зорилгоо үл умартан Монгол Улсын бодлогыг шийдвэрлэж яваа төрийн өндөрлөгүүд нэгэн рүүгээ сум татаж суугаа нь энэ. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож чаддаг нам болохын тулд гишүүдийнхээ алдаан дээр ийнхүү тоглолт хийж буй гэдгийг ард түмэн гадарлах биз ээ.
 
Оффшор дансыг УИХ-ын зарим гишүүн, бизнесийн хүрээнийхэн эзэмшдэг болох нь нэгэнт нийтэд ил болсон. Гэвч ихэнх нь “данстай, гэхдээ мөнгөгүй” гэдэг тайлбар өгөөд байгаа юм. Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Швейцарийн дансанд 1658 евро буюу 2.9 орчим сая төгрөг бий. Түүнийгээ мартсан байна” гэсэн тайлбар хийсэн. Гэхдээ энэ мэдээллийг анх нийтэлсэн The Guardian сайтад С.Баярцогтыг “нууц” дансандаа нэг сая гаруй ам. доллартай хэмээн дурдсан байдаг.
 
Ийнхүү зөрүүтэй мэдээлэл өгч буй тухайн асуудлыг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглосон Үндсэн хуулийн заалт бий. Үүн шиг оффшор данс нь илэрчихээд байгаа нэр бүхий эрхмүүдийн гэм буруутай эсэхийг шүүх л эцэслэн шийднэ.  Хамгийн гол нь, хуулийнхан шал­гаж эхлэхээс шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл бүх асуудал хуулийн дагуу явахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, хөндлөнгийн нөлөө орохгүй байхад Ерөнхийлөгч оройлон оролцох учиртай.
 
С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг Үндэсний зөвлөлдөх хороогоор шийдэх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч, АН-ын дарга нар энэ асуудлыг өлгөн авч, сонгууль угтсан шоу хийлээ хэмээн дургүйцэх хүн цөөнгүй. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт одоогоос гурван жилийн өмнө гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь УИХ-ын дэд даргын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгөхөд хүргэж байсан удаатай.
 
Ийнхүү олны хэл амнаас салж амжаагүй шахам байхад дахин шуугиан дэгдэж, төрийн том түшээдээр сонгогдох эрхээ боомилуулсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх нь  олны анхаарлыг нэлээд татаж байна. Төрийн гурав дахь өндөрлөгтэй үй зайгүй нөхөрлөдөг, өөрөө ч өндөр албан тушаал хашдаг “давхар дээлтэй” эрхэм гишүүн С.Баярцогт асуудал намжихыг хүлээгээд гараа хумхиад зүгээр суухгүй биз ээ.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин