sonin.mn
Монгол-Солонгосын түүхч, археологчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан эрдэм шинжилгээний хурал энэ сарын 24-25-ны өдөр ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны хурлын танхимд болж байна.
 
Уг хурал нь “Монгол-Солонгосын түүхийн ойлголт, судалгааны өнцөг” сэдвийн дор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, БНСУ-ын Зүүн хойт Азийн түүхийн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор И Хёнъжү тэргүүтэй төлөөлөгчид оролцож Монгол, Солонгосын түүхийн судалгааны шийдвэрлэх асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцож байна.
 
Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор Д.Цэвээндорж, доктор Н.Ганбат, профессор С.Цолмон, доктор Л.Ганбат, доктор Г.Эрэгзэн, доктор Ц.Энхчимэг, БНСУ-ын эрдэмтэн, доктор Жан Сөгхо, доктор И.Пиөннэ, доктор Ким Жангү, доктор Ким Ынъгүг, доктор Ким Хиөнъсүг, доктор Иү Ха-йөн нарын Монгол, Солонгосын түүхийн судалгааны өнөөгийн чиг хандлага, хөрш зэргэлдээ улс орнуудад энэ хоёр улсын түүхийг хэрхэн гүйвуулж байгаа талаар хийж буй сүүлийн үеийн судалгааг тусгасан сонирхолтой илтгэл хэлэлцүүлж ЭШ-ний хурлын төгсгөлд дүн шинжилгээг нэгтгэн дүгнэлт хийх юм.
 
Өнөөдөр “Монголын эртний соёлын зарим асуудал”, “Монголын түүх ба Хятадын түүх бичлэг, гуйвуулга”, “Солонгосын эртний түүхийн талаарх Хятадын ойлголт хийгээд түүний цаад шалтгаан” зэрэг сонирхолтой, анхаарал татсан илтгэлүүдийг үдээс өмнө тавьсан юм. Хоёр өдөр үргэлжлэх тус ЭШХ-ын илтгэлүүдийг эмхэтгэн эрдэм шинжилгээ судалгааны материал, гарын авлага ном болгож хэвлүүлнэ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг